Одоогоос хэдэн жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын бүтээлийн үзэсгэлэн “Горняк”-т гарахад Сараагийн уран нарийн шаглаа бүхий өнгө донжны зохицол төгс бүтээлүүдийг анх нүдээр үзэн шагшиж билээ. Тэр үед эхнэр хүний хувьд нөхөртөө ганц даалин урлаад өгчих хүсэлтэй явдгаа хэлэхэд тэрээр “Хэзээ ч хамаагүй хүрээд ирээрэй. Би үнэ хөлс нэхэхгүй ээ, заагаад өгье” гэсэнсэн. Надаас арчаатай, ажилтай эмэгтэй бол хэзээний очоод хэргээ бүтээчихсэн, гарын ур нь гэнэт илрээд бүр хэд хэдэн юмны ард гарчихсан явах байсан биз. Харин бидний дараагийн уулзалт гурван жилийн дараа гэрт нь тохиосон юм. Тэр ширээн дээр урлалын бүтээлээ эгнүүлжээ. Даалин, хавтага, аяга, тамхины уутаас эхлээд эрэгтэй, эмэгтэй малгай, бүс, монгол гутал, оймсны хараа, углаж өмсдөг булган чихэвч хүртэл байна. Арьс шир дээр шагласан зүү ороох оёдол нь тун нарийн, чамин. Зэрвэс харвал монгол уран зураг мэт. Ингээд Монгол Улсын Уран хатгамалч, Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Шүүх хатаах хэсгийн краны машинч Союузанын САРАНЦЭЦЭГ-тэй уулзаж ярилцлаа.
-Монгол Улсын уран хатгамалч цол хэзээ хүртсэн бэ? Эрдэнэтэд ийм цолтой урлаач олон уу?
-2018 онд. Уран хатгамалчдын Улсын III уралдаанд зүү ороох оёдлын төрлөөр тэргүүн байр эзэлж, Монгол Улсын Уран хатгамалч цол хүртсэн. 21 аймаг, Нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 130-аад уран гартан 300 гаруй бүтээлээр өрсөлдсөн юм. Монгол Улсын Уран хатгамалч улсын хэмжээнд 16, Эрдэнэтэд ганц байдаг.
-Гарын ур удам дамждаг гэдэг. Таны хувьд удам бий юу?
-Аав маань уран дархан байсан. Намайг хоёр сартай байхад өөд болсон болохоор би мэдэхгүй л дээ. Ах, эгч нар, хамаатан садангууд маань ярьдаг юм. Анзаараад байхад манай эгч, хоёр ах, тэдний охидууд бүгд гарын дүйтэй. Аавын маань гарын ур, нүдний ур, сэтгэлийн ур бидэнд удамшсан юм болов уу гэж боддог. Мөн ээжийнхээ үйл урлахыг бид харж өссөн.
-Зүү ороох оёдлын анхны багш тань хэн бэ?
-Зүү ороох оёдлын “А” заасан хүн гэвэл Эрдэнэтийн гуравдугаар сургуулийн үйлчлэх хөдөлмөрийн багш Маналжав. Маш сайн багш байсан. Биднээр гөлөм оёулна, эсгий ширдэг ширүүлнэ. Манай ангийнхан төгсөхдөө нанжин гахай гөлөм хоёрыг, булигааран гөлөм нэгийг оёж, ширмэл ширдэг олныг ширж борлуулан сургуульдаа хамгийн их хөрөнгө оруулсан ангиар шалгарч байлаа.
-Тэр эрчээрээ оёсоор байв уу?
-Үгүй. Сургууль төгсөөд оёхгүй олон жил болсон. 2010 онд манай нөхрийн талын ургийн баярыг Өсөхөө аварга Архангайд зохион байгуулсан юм. Тэнд Г.Өсөхбаяр аваргын, аав, ах, дүү нарынх нь эдэлж хэрэглэж байгаа гоё даалинг хараад нөхөртөө хийж өгмөөр санагдсан. Ирээд л эрэл хайгуул хийж, анхны даалингаа эсгэсэн дээ. Тэр цагаас хойш оёдол хийгээгүй өдөр байхгүй. Тасралтгүй 10 дахь жилдээ хатгаж байна.
-Анх бие дааж даалин урлахад бэрхшээл тулгарсан уу?
-Загвар хийц гаргах, арга эвээ олох амаргүй байсан. Манай Шүүн хатаах хэсгийн дарга Д.Гансүх гэж мундаг удирдагч байлаа. Ажилтнаа хүн ёсоор хүндэлж, ямар ч сэдвээр нээлттэй ярилцдаг сайхан хүн байсан. Тэгээд би даргадаа “Нөхөртөө даалин оёх гэсэн чинь арга эвээ олдоггүй ээ…” гэж хэлэхгүй юу. Тэгсэн надад даалингаа өгсөн. Ер нь Д.Гансүх дарга монгол ахуйгаа дээдэлдэг, гоё хөөрөг, сайхан эдлэл хэрэглэдэг, морь мал сонирхдог хүн л дээ. Даргын даалинг урд, хойдгүй үзэж тэмтэрч байгаад л яг тэр загвараар анх оёсон. Эхэндээ дандаа даалин оёдог байсан. Яваандаа хөгжих хэрэгтэй гэж бодоод 2013 онд би Улаанбаатар хотод Монгол Улсын Уран хатгамалч З.Цэнгэлсайхан багшийн сургалтад суусан.
-Зүү ороох оёдлоос өөр гар урлалын төрлүүдийг сонирхож эхэлсэн үү?
-Зүү ороохоос өөр нарийн оёдол зөндөө. Тэр болгоныг сурахыг зорьсон. Зоосон ширээний сүлжмэлийг Монгол Улсын Уран хатгамалч Ц.Батбуян багшаар заалгасан. Гүнзгий судлахаар сурмаар юм ундраад л байдаг. Сүүлд Монгол Улсын Уран хатгамалч Мөнхцэцэгээр зээгт наамал заалгасан.
-Хүнээс их тэвчээр шаардсан ажил шиг санагддаг…?
-Нарийн чимхлүүр, цаг хугацаа их зарсан ажил болохоор тэвчээр шаардана. Ер нь хатгамал хийж байгаа хүн хүлээцтэй, юмны арга эвийг олохдоо дүйтэй болж төлөвшдөг. Нэг юм эхлүүлэхдээ ийм болж дуусна гэж нүдэндээ төсөөлөн хараад бүхий л цаг зав, ур ухаанаа шингээж, дурлаж хийдэг.
-Ар гэрийн ажил орхигддог байх. Танай хүн хэр дэмждэг вэ?
-Эхэндээ дургүйцдэг байсан. Би ажилдаа явж ирээд гэртээ хичнээн цаг өнгөрснийг анзаарахгүй юмаа л оёно. Тэгэхээр гэрээ цэвэрлэсэнгүй, хоолоо хийсэнгүй гэдэг ч юм уу. Тэр үед би “Энэ гэрт дуртай юмаа хийж болохгүй юм бол би гэртээ харъя даа” гэж тоглоомоор хэлдэг байсан. Сүүлдээ оёж байгаа юмнууд маань илүү гоё, эдийн засгийн хувьд амьдралд дэмтэй болоод ирэхээр дэмждэг болсон. Бид хоёр Эрдэнэт үйлдвэрт нэг цехэд ажилладаг юм. Шөнийн ээлжээс буучихаад хот руу сургалтанд хамрагдахаар хоёулаа гараад давхичихна. Хүсэл тэмүүллийг минь өдөөдөг хүн болж хувирсан гэх үү дээ. Оёод дуусахаар манай хүн барьж гараад борлуулна. Нэг талдаа миний менежер. Нөгөө талаар өөрт нь зориулж урласан эдийг зүүгээд, эдэлж хэрэглээд явахаар миний реклам. /инээв/ Одоо энд тийм материал байна, тэнд ийм зураг байна гээд бариад ирдэг болсон.
-Зээгт наамлаар бүтээж буй энэ бурхан хаана залрах вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн маань хаа нэгтээ заларна даа. Үйлдвэртээ нэг сайхан бүтээл урлаж бэлэглэхсэн гэж бодоод л явдаг байсан юм. Тэгээд уул уурхайн хүнд үйлдвэрт хөдөлмөрөө зориулж байгаа эмэгтэйчүүдээ осол аваараас ангид, сэтгэл санаа нь түвшин амгалан байгаасай гэсэн үүднээс зээгт наамлаар Цагаандарь эх бурхан бүтээхээр шийдсэн. Оёдол заалгахаар намайг сонгож ирсэн чадварлаг олон үйлчин бий. Тэдний дундаас Цахилгаан цехийн инженер Ч.Сарантуяа, Аж ахуй, үйлчилгээний цехийн химийн машинч Ё.Энхмаа, Чанар хяналтын хэлтсийн чанар шалгагч О.Жаргал нартай хамтрах болсон нь учиртай. Нэгдүгээрт, ур сайтай, нямбай, хоёрдугаарт, бурхан бүтээж буй утгаараа хар хор нь арилсан, амьдрал нь тэгширсэн гурван сайхан эмэгтэйг сонгон хамт урлаж байгаа. 1.50х75-ын хэмжээтэй бурхан маань 30-аад деталл хэсгээс бүтэх юм. Одоо 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй яваа. Цагаан сарын өмнө үйлдвэртээ хүлээлгээд өгчих санаатай үзэж байна.
-Үйлдвэрийн гүнд ажилладаг эмэгтэйчүүдэд хүндрэлтэй асуудал бишгүй тохиодог байх. Таны хувьд гэхэд ихэр хүүхэд тээгээд кран дээр ажиллах амаргүй байсан нь мэдээж. Энэ бүхэн бурхан бүтээхэд нөлөөлсөн үү?
-Тийм ээ. Үйлдвэрлэл дээр ажилладаг эмэгтэйтэйчүүдэд халшрах үе байдаг. Миний амьдралд 2016 он хэзээ ч мартагдашгүй баяртай, гунигтай дурсамж үлдээсэн. Хичнээн хүсээд ч ирэхгүй нь дээ гэж горьдлого бараг тасраад байсан хүсэл биелж, үр хэвлийд бүрэлдэхдээ ихрээрээ заяаж баярлуулсан. Тэр үед би банкнаас нилээд хэмжээний зээл аваад “Уран шувуу” оёдлын газраа байгуулаад дориун ажиллаж байсан юм. Гэдэс томрохын хэрээр кран дээр гарахад хэцүү болоход хөнгөн ажилд шилжүүлэн үйлчлэгч болгосноор цалин навс унасан. Өнөөх зээлээ төлж дийлэхгүйд хүрч, бие, сэтгэлийн хямралд орсон. Үйлдвэрт 17 жил ажиллахдаа ганц удаа “дикрит” авсан түүх ийм. Тэр үеийг дурсахад хэцүү байдаг. Тиймээс би хүүхнүүдээ аюул эрсдэлээс хамгаалах, сэтгэл санааг нь амгалан тайван байлгах үүднээс Цагаандарь эх бүтээж үйлдвэртээ бэлэглэхийг хүссэн.
-Гар урлалын төрлүүдээс зээгт наамлын онцлог нь юу вэ?
-Номт гурван оронд хөгжсөн гар урлалын том төрөл. Дээд цэгтээ тултал хөгжсөн нь Монголд. Зээгт наамлан бүтээлд дархчуудын оролцоотой алт, шүр, сувд сэлтийг шигтгэж болно. Дээхэн үед адууны дэл сүүлээр хүртэл хийж байсан түүх бий. Хамгийн гол онцлог нь Монголчуудын нүүдэлчин ахуйд их тохирсон. Хуйлаад аваад явахад зай эзлэхгүй, эвдэрч хэмхрэхгүй. Хэдэн зуун жил чанараа хадгална.
-Зах зээлийн нийгэмд зарим хүмүүс чаддагаа хүнд заах дургүй байдаг. Харин Сараа сонирхсон хүн бүрт өглөгч сэтгэлээр тусалдаг гэх. Энэ юунаас үүдэлтэй вэ?
-2010 онд даалин анх оёх санаатай мунгинаж явахдаа Эрдэнэтэд даалин урладаг хэд хэдэн хүн дээр очсон юм. “Нөхөртөө даалин оёх гэсэн юм туслаач, та зааж өгч чадахгүй бол ядаж оёж байгаа юмаа ганц харуулчих…” гээд явдаг байлаа. Би хүний оёж байгааг харна уу гэхээс ур чадварыг нь булаагаад авчихгүй шүү дээ. Тэгэхэд загинаад гаргаж байсан. Монголын том өв соёлыг өмчилж болохгүй л дээ. Дараа нь ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөрийн багш нартай уулзсан. Тэд хайчилбар, туузан хатгамал, баривч оёхыг голдуу заадаг байсан. Анх ийм бэрхшээлтэй тулсан учраас хүссэн хүн бүрт туслахсан гэж хичээдэг дээ. Би Баяжуулах үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн хорооны дарга байсан, бүтээмжийн мэргэжилтэн Л.Уранцэцэг эгчид их баярлаж явдаг. Хамгийн анх намайг тоож, итгэж “Сая төгрөг эмэгтэйчүүдийн амьдралд…” төслөөр хүүхнүүдэд зүү ороох оёдол заах боломж олгосон нь урам нэмж хөтөлсөн.
-Таны урласан бүтээл даалингаар жишээлэхэд үнэ ханш ямархуу байхав?
-Ур хийц, загвар, материалын чанар, өнгө донж, бэлгэдэл, хэмжээ, хэр хугацаа, хөдөлмөр шаардсанаасаа шалтгаалаад янз бүр. Мөн захиалагчийн эд таних үнэлэмжээс шалгаалах ч бий. Ер нь голдуу Монгол эр хүний гоёл чимэглэл, эдлэл хэрэглэл гэдэг утгаараа үнэтэй, дахин давтагдашгүй.
-Баярлалаа.
4 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30390
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.