Энэтхэгт хэт халуун нүүрлэж эхэлжээ

2017-04-25 Ертөнц

Дөнгөж хаврын сар дундаа орж буй энэ үед Энэтхэгт аагим зун болох шинж хэдий нь бүрджээ. Тус улсын нийслэл Нью-Дели хотод энэ сарын 18-нд 43,7 хэм хүрч халжээ. Бусад муж хэсгүүдэд ч ихээхэн халуун байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын хамгийн өндөр температур 45 хэмийг ч давахаар байна гэж цаг уурчид мэдээлжээ. Энэ байдлаараа ирэх зун Энэтхэгт урьд өмнөх жилүүдийн рекордыг эвдсэн халуун болох нь тодорхой байна.

Ер нь, сүүлийн жилүүдэд энэ улсад хэт халах нь бараг ердийн үзэгдэл мэт болоод байгаа. 2015 онд хэт их халсны улмаас 2300 хүн нас барсан бол өнгөрсөн зун ч 50 хэм давж халснаас хэдэн зуун хүн нөгөө ертөнцийг зорьсон юм. Хэт халууны эрчим олон хүний амь насыг авч одохоос сэргийлж Засгийн газраас эхлээд орон нутгийн түвшинд бэлтгэл ажил хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Цаг агаарын мэдээг хүн амд урьдчилан хүргэж, анхааруулах системийг сайжруулж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг нэмэгдүүлэхээс эхлээд усны түгээлтийг оновчтойгоор шийдэх гээд хийх ажил их байгаа аж.

Б.Номун

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.