
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дотоодын шатахууны хомсдол, үнийн өсөлтийг тогтворжуулахын тулд Засгийн газарт системтэй, урт хугацааны арга хэмжээ яаралтай хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. Тэрээр шатахууны нийлүүлэлт, ялангуяа хөдөө аж ахуйн салбарын хэрэгцээг тасалдуулахгүй байх нь нэн чухал болохыг онцолжээ.
Путины мэдээлснээр Оросын бензиний нөөц одоогоор ойролцоогоор 1.7 сая тонн байгаа бөгөөд долдугаар сард үйлдвэрлэл зургадугаар сараас өснө гэсэн хүлээлттэй байна. Үүний зэрэгцээ шатахууны хангамжийг хэвийн түвшинд байлгахын тулд тусгай ажлын хэсэг 24 цагаар ажиллаж байгаа аж.
Сүүлийн долоо хоногуудад Украины алсын тусгалтай дроны цохилтууд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд удаа дараа өртөж, үйлдвэрлэлийн хүчин чадал буурснаар олон бүс нутагт шатахууны хомсдол үүсээд байна. Зарим бүсэд шатахуун түгээх станцууд борлуулалтын хязгаар тогтоож, урт дараалал үүссэн талаар мэдээлжээ.

Оросын Засгийн газар нөхцөл байдлыг тогтворжуулах хүрээнд дизель түлшний экспортыг бүрэн хориглох боломжийг хэлэлцэж байгаа бөгөөд өмнө нь бензин болон нисэхийн түлшний экспортод хязгаарлалт тогтоосон юм. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн засвар үйлчилгээг хойшлуулж, дотоодын зах зээлд нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэх, шаардлагатай тохиолдолд түлш импортлох зэрэг хувилбаруудыг судалж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, Украины эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн цохилтууд эрчимжсэн нь Оросын шатахууны зах зээлд дарамт үүсгэж, нийлүүлэлтийн сүлжээнд доголдол бий болгож байна. Кремль богино хугацаанд нөөцөө ашиглан нөхцөл байдлыг зохицуулж байгаа ч урт хугацаанд үйлдвэрлэл, логистикийн тогтвортой байдлыг хангах нь гол сорилт хэвээр байна.
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
2026-06-23
2026-06-22
2026-06-22
2026-06-19
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.