Хиймэл оюун их сургуулиудыг өөрчилж байна: Хятад 12 мянган мэргэжлээ хааж, 10 мянган шинэ хөтөлбөр нээжээ

Хиймэл оюуны хурдацтай хөгжил дэлхийн хөдөлмөрийн зах зээлд шинэ дүрэм тогтоож эхэлсэнтэй зэрэгцэн Хятад улс дээд боловсролын тогтолцоондоо томоохон өөрчлөлт хийж байна. Тус улсын их, дээд сургуулиуд уламжлалт мэргэжлүүдийн тоог цөөрүүлж, хиймэл оюун, дижитал технологид суурилсан шинэ хөтөлбөрүүдийг эрчимтэй нэвтрүүлж эхэлжээ. Хятадын Боловсролын яамны мэдээлснээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудын 80 гаруй хувь нь сургалтын хөтөлбөрөө шинэчилсэн байна. Энэ хүрээнд дизайн, орчуулга, маркетинг зэрэг уламжлалт чиглэлийн зарим мэргэжлийн элсэлтийг бууруулах, цаашлаад хөтөлбөрийг нь бүрэн зогсоох хүртэл арга хэмжээ авч эхэлжээ.
Статистик мэдээлэл энэ өөрчлөлтийн цар хүрээг тодорхой харуулж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд бакалаврын түвшний 12,200 гаруй сургалтын хөтөлбөрийг хааж, элсэлт авахаа зогсоосон бол үүний оронд хиймэл оюун, их өгөгдөл, робот техник, ухаалаг үйлдвэрлэл, дижитал инженерчлэл зэрэг технологийн чиглэлийн 10,200 гаруй шинэ мэргэжлийг сургалтын жагсаалтад нэмжээ.
Энэхүү шинэчлэлийн гол шалтгаан нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт өөрчлөгдөж буйтай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Өмнө нь олон хүний оролцоо шаарддаг байсан орчуулга, контент боловсруулах, маркетингийн зарим ажил хиймэл оюуны тусламжтайгаар богино хугацаанд гүйцэтгэгдэх боломжтой болсон. Үүний зэрэгцээ хиймэл оюуны систем хөгжүүлэх, өгөгдөл боловсруулах, автоматжуулалтын шийдэл боловсруулах мэргэжилтнүүдийн эрэлт эрс нэмэгдэж байна.
Хятад улс зөвхөн технологийн салбарт хөрөнгө оруулалт хийхээс гадна ирээдүйн ажиллах хүчнээ бэлтгэхэд анхаарч байгаа нь энэ өөрчлөлтөөс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, их сургуулиуд өнөөдрийн хэрэгцээнд бус, ирэх арван жилийн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадвартай төгсөгчдийг бэлтгэх зорилго тавьжээ. Гэсэн хэдий ч энэ нь уламжлалт мэргэжлүүд бүрэн устаж байна гэсэн үг биш. Харин эдгээр мэргэжил шинэ технологитой уялдан өөрчлөгдөж байна. Жишээлбэл, орчуулагчид хиймэл оюуны орчуулгын системийг удирдах, хянах чадвартай болох шаардлагатай болж байгаа бол дизайнерууд AI-ээр бүтээсэн контентыг боловсруулах, сайжруулах чиглэлд илүү ажиллах төлөвтэй байна. Боловсролын шинжээчдийн үзэж буйгаар хиймэл оюуны эрин үед хамгийн үнэ цэнтэй ур чадвар нь зөвхөн техникийн мэдлэг бус, бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, шинэ технологид хурдан дасан зохицох чадамж байх аж. Хятад улсын дээд боловсролын салбарт өрнөж буй энэхүү өөрчлөлт нь зөвхөн нэг улсын бодлого бус, дэлхийн боловсролын салбарын ирээдүйн чиг хандлагыг илтгэж буй дохио гэж ажиглагчид дүгнэж байна. Хиймэл оюун хөгжихийн хэрээр их сургуулиудын сургалтын агуулга, мэргэжлийн бүтэц, төгсөгчдөд тавигдах шаардлага улам бүр өөрчлөгдөх төлөвтэй байнa.

