МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газраа огцруулахгүй байх шийдэлд хүрсэн бол нэр бүхий 27 гишүүн бүлгийн хуралд суухгүй гэдгээ мэдэгдлээ. Мөн тэд ЖДҮ-тэй нэр холбогдсон ашиг сонирхолын зөрчилтэй сайд, гишүүдийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй, санал хураалтад нөлөөлөхгүй байхыг уриалж, мэдээлэл хийв.
ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй учраас Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед хуралдаанд оролцуулахгүй байх шаардлагыг УИХ-ын дарга, Аюулгүй байдлын байнгын хороо, Тусгай хяналтын дэд хорооны дарга нарт хүргүүлжээ. Мөн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд мөн албан тоот хаягласан аж. Тэрхүү албан тоотод ЖДҮ-тэй хамааралтай мэтээр олон нийтийн сүлжээгээр яригдаж байгаа нэр бүхий хүмүүсийн мэдээлэл баттай эсэхийг лавлаж, тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн байна. Энэ талаар гишүүн Ц.Мөнх-Оргил “УИХ, Засгийн газрын гишүүд ЖДҮХС-аас зээл авсан нь үнэн эсэхийг тодорхой болгохыг шаардаж Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хандаж байна. ЖДҮХС-аас зээл авсан гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй учраас Засгийн газрыг огцруулах эсэхээр санал өгөх эрхгүй. Хэрвээ санал өгвөл Ашиг сонирхлын хуулийг зөрчинө. Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас хариулт ирсний дараа зээл авсан гишүүд санал хураалтад оролцох эсэх нь тодорхой болно” гэв.
Өмнөх парламентад оюутны 70 мянган төгрөгийн асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхдээ Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ гишүүн нарыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн санал хураалтад оролцохгүй байхыг тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд анхааруулж танхимаас гаргаж байсныг ч гишүүд онцлон тэмдэглэв.
Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн
3.1.3.“ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлнэ хэмээн тодорхойлсон. Түүнчлэн
8.2.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэсэн заалтыг үндэслэсэн гэдгээ хэлэв.
Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад концесстой холбогдсон гишүүдийн тухайд Д.Хаянхярваа гишүүн “Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед сайд нар нь ашиг сонирхлын зөрчил үүсээгүй байсан. Тийм учраас хуралдаанд оролцож, санал өгсөн” хэмээсэн юм.
Ж.Эрдэнэбатын Засгийн газар шинээр хоёр концессийн гэрээн дээр гарын үсэг зурж, эхлүүлэхээр болсон бөгөөд 50 тэрбумын хэмнэлт гаргасан байна. Хоёр концессийн нэг нь гишүүн Ж.Мөнхбатын нэр холбогдоод байгаа асуудал гэнэ. Гэхдээ энэ концесс үргэлжилсэн бол Монголын эдийн засагт ээлтэй ч, тухайн компанидаа эрсдэлтэй байсныг тэрбээр тайлбарласан. Ж.Эрдэнэбат “Энэ концессийг хөдөлгөсөн бол 300 ажлын байр шинээр бий болж, татварын бааз суурь нэмэгдэх байсан юм. Хэрэв цаашдаа Ерөнхий сайдаар ажилласан бол ийм хичнээн ч концессийн гэрээ орж ирсэн хүлээж авах байсан. Том зураг нь Монгол Улсад, тэр дундаа эдийн засагт үр өгөөжтэй учраас хүлээн зөвшөөрнө” хэмээсэн юм.
Гишүүн Д.Хаянхярваа “ЖДҮХС-аас Засгийн газар, УИХ-ын гишүүд зээл авсан. Зээл авсан гишүүддээ хариуцлага тооцохыг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд бидний шаардлагад нийцсэн хариуг өгч чадаагүй. Тиймээс бид тавьсан шаардлагаа холбогдох газруудад дахин тавьж байгаа нь энэ” хэмээн тайлбарласан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл, хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болно. Мөн энэ баасан гарагийн чуулганы хуралдаанаар асуудлыг эцэслэж, төрийн ажил гольдролдоо орох ёстой. Тиймээс Удирдах зөвлөлөөр асуудлыг хэлэлцэж, бүлгийн хуралдаан, байнгын хороо гэсэн шатлалаар явуулахаар болсон аж.
54 минутын өмнө
2 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.