СОНИРХОЛТОЙ БАС НАЙРСАГ
Бүхий л цаг үеийн хамгийн аугаа аялагч Ибн Батута Монголын эзэнт гүрний нутгаар аялсан тухайгаа бичихдээ ихэд гайхаж, алт үүрсэн хүүхэд ч амар тайван явж болох ертөнцөд байх цорын ганц газар хэмээсэн байдаг. Лалын ертөнцийн аугаа аялагчаас хойш долоон зуу илүү жил өнгөрсөн ч халаасны хулгайчдыг эс тооцвол Монгол орон жуулчдад аюул, заналхийлэлгүй аялж болохуйц орон байсаар. Ибн Батутаг аялж байх үеийн ахуйг орчин үеийн хот болох Улаанбаатараас ердөө 80 км хүрэхгүй газраас үзэж болохоор өвөрмөц онцлогтой. Шаварт суусан машиныг нь таталцаж гаргачихаад жишим ч үгүй мориндоо мордоод исгэрээд давхичихсан малчин эрийн тухай бичлэг олон нийтийн сүлжээнд орж чамгүй олон гадныхан үзэж, гайхсан байсан. Нөхөрийн хэрэг бүтвэл өөрийнх бүтсэнд тооцдог нүүдэлчдийн хувьд энэ нь шагшираад байх зүйл биш. Төвлөрсөн хот суурин газрын иргэд ч гэсэн жуулчдад сайнаар ханддаг нь нүүдлийн хөсгийг идээ, ундтай угтдаг сэтгэхүйтэй нь холбоотой. Монголд ирсэн жуулчид амьдралын хэв маяг, онгон зэрлэг өвөрмөц байгалийн зүй тогтлоос гадна монголчуудын зочломтгой зан гайхшруулдаг тухай “Нью жуулчин тур” компанид 10 гаруй жил ажилласан архаг хөтөч хэлнэ билээ. Үнс нурман дундаас өндийж, ертөнцийн талыг эрхшээсэн Чингис хааны нууцлаг түүх, хүн төрөлхтний анхны амьдралын хэв маягийг өдий хүртэл тээж ирсэн ахуйн соёл, үзэсгэлэнт байгалийн тогтоц, говь, уул уурхайн асар их баялаг, цэлмэг тэнгэр гэх мэтээр Монголыг сонирхох сэдэв мундахгүй ч жуулчдад элэгсүү ханддаг чанар маань хөх тэнгэрийн орон луу тэднийг дахин ирэх шалтгаан болдог гэнэ.
СЭТГЭЛИЙГ НЬ ЭЗЭМДЭХ АВААС БИЕ ХАА ОДНО
Ердөө 10 гаруй жилийн өмнө дэлхий дахинд хаалттай байсан Лаос улс 2013 онд Европын аялал жуулчлалын зөвлөлөөс “Шилдэг аялал жуулчлалын цэг” шагналыг 2013 онд авчээ. Тус улсаас Монгол оронд суугаа Элчин сайд, ноён Бүнньян Сайсанавонг жилдээ гурван сая жуулчин хүлээдэг авдаг болсон талаараа сайрхангаа биднийг өөрийн эх орондоо зочлохыг урьж байсан. Зүүн өмнөд Азийн улсуудын нийтлэг амьдралын хэв маягтай хамгийн хямд өртөгөөр танилцаж болохоос гадна үзэсгэлэнт Меконг мөрнийг үзэх гэсэн жуулчид тийш хөвөрсөөр байгаа. Элчин сайдын хувьд нэгийг нэг гэж гололгүй эх орон руугаа жуулчин зочлуулбал үүрэгт ажлаа хийж байгаа нэг хэлбэр нь бололтой. Газар тариаланд түшиглэсэн эдийн засагт нь аялал жуулчлалын орлого хавсарч, тоолдог хэд нь нэмэгдсэн учир лаосчууд жуулчдыг газрын шим, тэнгэрийн хур мэт үзэх болжээ.
Бүхий л цаг үеийн хамгийн аугаа аялагч Ибн Батута Монголын эзэнт гүрний нутгаар аялсан тухайгаа бичихдээ ихэд гайхаж, алт үүрсэн хүүхэд ч амар тайван явж болох ертөнцөд байх цорын ганц газар хэмээсэн байдаг. Лалын ертөнцийн аугаа аялагчаас хойш долоон зуу илүү жил өнгөрсөн ч халаасны хулгайчдыг эс тооцвол Монгол орон жуулчдад аюул, заналхийлэлгүй аялж болохуйц орон байсаар.
Хүн амын тоо цөөн, далайд гарцгүй, гадаад нислэгийн тоо бага гэх мэт манайхтай адил нийтлэг бэршээлтэй ч тэд жуулчны урсгалыг хэрхэн өөрсөд рүүгээ татсан бэ гэдгийг сонирхож үзлээ. Аялал жуулчлалд түшиглэсэн төрийн бодлого боловсруулж, түүнийгээ ягштал мөрджээ. Эх орноо сурталчлах ажлыг Засгийн газраас сайтар хийснээр зүүн өмнөд Азийн амьдралын хэв маяг соёлын өвийг хямд өртөгөөр үзэх боломж олгожээ. Төрөөс жуулчдад үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэж, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг олшруулах зэрэг ажлыг бодлогоор зохион байгуулсан нь утаагүй үйлдвэрлэлийн зах зээлд шинэ тоглогч болон гарч ирсэн аж.
Энэ салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн өгүүлснээр бол монголын аяллын компаниуд улс эх орноо сурталчилж таниулсны дараа өөрийн бүтээгдэхүүнийг сурталчилдаг бол гадныхан зөвхөн өөрсдийн бүтээгдэхүүнээ санал болгох ажлыг хийж дээр өгүүлсэн Лаосын жишээгээр төрөөс улсаа сурталчлах ажлыг бүхий л хэлбэрээр хийдэг аж. Тэгвэл 2011 онд Л.Гансүх сайд ITB үзэсгэлэнд Соёлын түншээр оролцох шийдвэр гаргаснаас хойш аялал жуулчлалын хамгийн том яармаг руу очих жим зам болж өргөсчээ.
Хүсэл мөрөөдөл, цаг хугацааны хүчин зүйл, хөрөнгө мөнгө гурвын огтлолцол нийлсэн үед хүн аялахаар явдаг. Хамгийн эхнийх болох хүсэл төрүүлэх нь жуулчинг татах хамгийн эхний алхам бөгөөд тэрхүү хүслийг унтраахгүйн тулд ойр ойрхон хугацаанд сануулж байх ёстой. Эх орондоо гурван сая жуулчин хүлээж авах хэмжээнд хүртлээ бид тэрхүү хүсэл сэтгэлийг нь татаж чадваас эзэн Чингис хааны хэлсэнчлэн бие нь хаа одох аж.
БОЛОМЖИЙГ БОЛОВСОН ХҮЧИН, БОДЛОГООР БИЙ БОЛГОНО
20 илүү жилийн түүхтэй “Нью жуулчин” компанид захирал Ш.Нэргүй Монголын аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй гурван асуудлын нэгийг боловсон хүчний дутагдал хэмээсэн. Газар зүй, гадаад хэлний хичээл түлхүү орж, аяллын салбарын дунд, дээд түвшиний мэргэжлээр төгсгөдөг энэ уламжлал салбарын мэргэжилтэнг хамгийн ихээр бэлтгэж байсан 50 гаруй их, дээд сургуульд 5000 илүү оюутан суралцах үеэр ч байсан бол өдгөө ч амь бөхтэй оршсоор. Эх түүх, орон нутгаа сайн мэдэх, түүнийгээ гадныханд хангалттай сайн ойлгуулах хөтөч, тайлбарлагч хэрэгтэй ч тийм олон байхын шаардлага байх уу, үгүй юу. Үнэхээр боловсон хүчин дутагдалтай байна уу гэвэл тийм. Социализмийн үед бэлтгэгдсэн хүний нөөц энэ салбарыг чирч ирсэн бөгөөд дараагийн мэргэшсэн халаа гарч ирэхгүй байгаа нь Ш.Нэргүй захирлын санааг чилээж байгаа аж. “Орхон” их сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн багш Д.Мөнхтамирийн бэлтгэж гаргасан “бүтээгдэхүүн”-ээс нь дийлэнх нь банк санхүү, барилга, худалдаа гээд хөрвөж болох ондоо салбарт зүтгэж байгаа. Нэгэнт мэргэжлийг нь эзэмшсэн юм хойно салбартаа ажиллана хэмээн итгэл өвөртөлж ирсэн төгсөгчид нь зун, намарт борви бохисхийлгүй ажилладаг ч хавар, өвөлд нь хийх ажил байдаггүй учир байнгын ажил руу оддог аж. Илүү боломжтой ажил хөөж одсон шавь нараа буруутгах аргагүй учир тэрбээр Монголын аялал жуулчлалын салбарт шинэ бүтээгдэхүүн бодож олохыг эрхэмлэх болжээ. Монголын аялал жуучлалын багш, судлаач нарын нийгэмлэгийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг Д.Мөнхтөмөр салбарын хэмжээнд бэлтгэгдсан хангалттай боловсон хүчин байгаа гээд харин ч энэ чиглэлээр бэлтгэж буй их, дээд сургуулийн тоо цөөрсөнд олзуурхаж байгаа аж. Түүнийхээр дөрвөн жил сурч дээд мэргэжил эзэмшсэн төгсөгч ажлын талбарт гараад үйлчилгээний ажил хийх сонирхолгүй байдаг учир МСҮТ-ийг олноор байгуулж тэнд жуулчдад үйлчлэх ажилтнуудыг бэлтгэх ёстой гэв.
Чамгүй олон жилийн өмнөөс монголчууд нэг сая жуулчин хүлээж авах тухай мөрөөдсөн. БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол 2017 онд нэг сая жуулчин 2020 онд хоёр сая жуулчин авна гэж мэдэгдэв. Бодлого нь байгаад түүнийгээ гүйцэтгэх арга хэрэгсэл байгаа бол болохгүй ч юмгүй л дээ. Гэвч өнөөдөртөө дэд бүтэц, жуулчдыг хүлээж авах байр савны бэрхшээл байсаар. Улаанбаатарын хэмжээнд байх жуулчин хүлээж авах стандартад нийцсэн орны тоо цаашлуулж тооцоод 10.000 орчим. Гадаад нислэгийн суудлын тоо жилдээ 400.000 орчим гэхээр өнөөхөндөө бол жуулчнаас “зулгаах” мөнгө өмнө жилийнхтэй ойролцоо байх болов уу. Гэвч салбарын нөхдийн ирээдүй гэгээтэй, итгэл найдвар оршсоор байна. ASEAN ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл болгож, стандартад нийцсэн буудал өрөөнүүдийг бий болгохоор төрөөс бодитой хөрөнгө оруулалтыг хийж эхлэв. Засгийн газар зам дэд бүтцийг сайжруулсан. Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудал баригдахаар илүү олон нислэг хийгдэнэ гэсэн өөдрөг төсөөлөл байна.
ЮУГААР БАЯН ТҮҮГЭЭР ДАЙЛ ГЭДЭГ Ч…
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад ирэх жуулчны тоо 350-400 мянга гаранд дээш доош эргэлдэх аж. Тэрбум гаруй хүн тээш саваа үүрээд, үрэх мөнгөө тооцоолоод гэрээсээ гардаг гэх их тооны дэргэд манайд ирдэг нь тун өчүүхэн. Дэлхийн аялал жуулчлалын шинэ зах зээл бол хятадууд болсон бөгөөд хамгийн үрэлгэн жуулчны тоонд багтаад байгаа. Манайд ирдэг үүргэвчтэй нөхдийн олонхийг мөн л хятадууд бүрдүүлдэг ч тэдгээрийг бүгдийг нь жуулчин гэхэд хэцүү. Монголд сурч, ажиллах гэж байгаа гадаадын иргэд эхлээд хялбар гардагаар нь жуулчны виз аваад энд ирсэн хойноо түүнийгээ солиулдаг учир статистикт өгүүлсэн жуулчдын маань нэлээд хэсэг нь тоосгоны баюуд шороо зөөж, арматурын үйлдвэрт төмөр сувиж, барилгын талбай, уурхайн цооног дээр ажиллаж байгаа. Их сургуулийн баганат танхимд суралцаж байгаа нь ч бий.
Монголд ирдэг жуулдын олонхи нь нүүдлийн хэв маяг, нууцлаг тайлагдашгүй соёл ахуй, онгон зэрлэг байгалийг үзэх гэж ирдэг. Манай нутагт “Юугаараа баян түүгээр дайл” гэдэг юмаа гээд ирсэн жуулчин бүрийг Эрдэнэзуугаар оруулаад , наадам үзүүлээд, хаа нэгтэй малчны хотонд аваачин хорхог, боодогны мах идүүлэх нь жаахан хуучирсаар… Камбужийн ширэнгэд байх мянга мянган булаатай мина, грекийн иргэний дайнаас эмээхгүйгээр жуулчид тийш зүглэсээр байдаг нь өөрсдийн онцлогийг харуулж чадсан аяллын бүтээгдэхүүнийг бий болгож чадсанд оршино. Дэлхий дахинд стандарчлагдахын хэрээр аль ч оронд байдаг таван одтой тансаг хэрэглээнээс хүн зон уйдаж адал явдал, өөр орчин, өөр ертөнцийг үзэх гэсэн сонирхол таашаалтай болжээ. Үүнд нь Монгол орон нийцдэг. Хязгааргүй мэт үргэлжлэх уудам нутаг, онгон байгаль (хэдийгээр уул уурхайн үйлдвэрлэлд өртөж буй гэдэг ч энэ нь нийт газар нутагтай харьцуулахад өчүүхэн бага) цэлмэг тэнгэр, нүүдэлчин ахуй соёлын өв (Aфрикийн зарим нэг овог Монголын малчид л сонгодог нүүдэлчин хэв маягаар амьдарч байгаа) зэрэг өгөгдөл өөр хаана ч байхгүй шашин мөргөлийн, соёлын, түүхийн өвийн гэх мэт аяллыг хавсаргах аваас амар амгалан, баян тансаг, онгон зэрлэг, адал явдал, сонирхолын цэг ихтэй уудам нутагт таван өнгийн, түмэн хэлийн хүн чуулах болно… Тэртээх долоон зууны өмнөх шиг.
Г.Жаргал
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87384
30521
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.