Нэг еэвэнгийн хоёр тал

2017-03-24 Нам хөдөлгөөний амьдрал

Ардчилсан нам шинэчлэгдэх гэнэ. Олон сая төгрөгийн дэнчин тавьж, доривтой өөрчлөлтийг эхлүүлэхээр зэхэж буй юм байх. Гэвч сурсан занг сураар боож болдоггүй гэж. Хэзээний нам дахь дотоод зөрчилөөрөө алдартай аваргууд хэмхэлдэж, маажилцаад эхэлж.

Тэгэхээр тус намын ирэх сарын 2-нд болох дотоод дахь хамгийн өндөр өртөгтэй буюу 100 сая төгрөгийн дэнчинтэй Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуульд горилж буй эрхмүүдийн талаар энд сийрүүлэн тэрэлж байна. Одоогоор нэр дэвших батламжаа гардаад байгаа ниийслэлийн Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга гэж сайн, муугаараа нэлээд дуулиантай нөхөр бий. Тэрбээр олон түмнээ “казино” нэрээрээ танигдсан ардчилсан хувьсгалын “Алтан хараацайнуудын” нэг гэгддэг. Түүний улс төрийн гараа Дархан-Уул аймгаас улбаатай. Тийм ч учраас тухайн үеийн ардчиллын баатруудаас халаас хоосон үлдэж, гомдол нэхээд байдаггүй хоолтой ундтай, байр суурьтай үлдсэн нэгэн. Гэхдээ л түүний улс төрийн замнал төдийлөн дардан байгаагүй. Тэрбээр Казиногийн хэргээр УИХ-ын танхимаас “Ганц” худаг руу хүртэл илгээгдэж явсан. Харин тэрбээр хэсэг хугацаанд ял эдлээд гарч ирмэгцээ Сүхбаатар дүүргийн АН-ын дарга болсон бөгөөд УИХ-ын сонгуульд удаа дараа нэр дэвшээд унасан ч НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож чамгүй сайн нэр зүүж дөнгөсөн.

Тухайн үед түүнийг аавын хаалга татахад нь хүний, өөрийн намын хэдэн нөхөр гар нийлүүлэн гүйцэлдүүлсэн гэх. Улаан талаас Ерөнхий сайд асан, оффшор бүсийг тэргүүлэгч гэх шинэ алдартай болоод байгаа С.Баяр тэргүүлсэн гэх. Харин өөрийнх нь намаас Х.Хулан, Ц.Ганхуяг, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд, Үндэсний шинэ намын дарга, талийгаач Ж.Наранцацралт, Хууль зүйн сайд асан Л.Цог, УМБГ-ын дарга асан Д.Алтангэрэл нар гол түлхэц үзүүлсэн хэмээн эл хүрээнийхэн шивэр авир хийх юм билээ. Мань хүн ч эдгээр нөхрийг таамгалдаг нь улс төрийн нүүдлээс нь цухас ажиглагддаг гэхэд болно.

Харин түүнтэй өрсөлдөж буй Ш.Түвдэндорж гэж хэн бэ? Тодруулбал, түүний улс төрийн угшил нь нам доторх МОАХ фракцид харъяалагддаг, “Женко” Х.Баттулгын хүн ч гэгддэг. Учир нь 2008 онд Ш.Түвдэндорж МоАХ-ны даргын суудлаа Х.Баттулгад өгсөн. Түүнээс хойш ийм шошготой л болчихоод байгаа хүн дээ. Тухайн үед МоАХ-ны дэмжлэг, оролцоогоор 2010 онд Нийслэлийн АН-ын дарга өөрчлөгдөж, С.Эрдэнийн оронд Ш.Түвдэндорж томилогдсон юм. Үүнийг МоАХ-ны даргаа өгсөн наймааны ашиг ч гэж хэлэх хүн цөөнгүй.

Түүнчлэн нам дахь бусад бүлэглэл дундаа нэлээд нэр муутай, “хоёр нүүрт” гэх хочтой ийм эрхэм юм. Зүй нь цагтаа намаа хоёр хувааж, талцуулж явсан ч гэх юм билээ. Гэхдээ л тэрбээр 1992 оноос хойш АН-ын удирдах зөвлөлд тасралтгүй ажиллаж байна.

Түүний талаарх бас нэгэн бодит үнэн гэвэл сонгуульд тун одгүй нэгэн гэж болно. УИХ-ын сонгуулиудад удаа дараа хүч үзэж байсан ч ард түмнээс дэмжлэг хүлээж байсан удаагүй. Үнэндээ хөөрхий намаас итгэл хүлээлгэж сонгуулийн “тийз” нэжгээд удаа гардуулж байлаа. Гэвч гишүүн болох хувьгүй хүн гэж бас байдаг бололтой дэг шүү. Ийнхүү арга ядсан намын удирдлагууд “азгүй” Ш.Түвдэндоржоо 2012 оны УИХ-ын сонгуульд намын жагсаалтын тавдугаарт жагсаж, УИХ-ын  гишүүнээр буюу автоматаар сонгож байв. Ийнхүү шинэчлэлийн Засгийн газрын буянаар арвинтай бялуу хүртэж явсан тэрбээр УИХ-ын гишүүн болонгуутаа өөрийн ах Ш.Төмөрбаатарыгаа Нийслэлийн Өмчийн газрын даргын суудалд “залж” явсан сүйхээтэй эр. Гэхдээ ч тэрбээр энэ удаагийн сонгуульд ялж чадвал өмнө нь тус албыг хашиж байсан туршлагатай нэгэн.

Ийм л нэг еэвэнгийн хоёр тал шиг ижил төс зам мөртэй хоёр нөхөр 100 сая төгрөгийн дэнчинтэй үзэж дарах нь дээ…

О.МӨРӨН

 

 

 

 

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.