40 жилийн дараах Монгол буюу цагаан олимпийн өмнөх Солонгос

2017-10-27 Аялал

 Томилолтын сурвалжлага

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун манай оронд ирээд 40 жилийн өмнөх өөрийн улсаа харсан гэдэг. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Монголын хөгжил 40 жилийн өмнөх Солонгос улс шиг харагдсан хэрэг. Тиймдээ ч тэрбээр сэтгүүлчдийн багийнхныг 40 жилийн дараах “Монгол”-оор аялаад ирэх ерөөл тавьсан юм.

123 давхар хүртэлх тэнгэр баганадсан өндөр барилга, Хан мөрөнг хэрсэн өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогийг шингээсэн 32 гүүр яахын аргагүй хараа булаана. Хотын төвд хогийн сав байхгүй атлаа шил толь шиг цэвэрхэн гудамж талбай нь, олон арваараа сүлжилдсэн авто зам нь энхэл донхолгүй, нөгөөтэйгүүр өдөр мэт шөнийн гэрэлтүүлэг зэрэг өнгө төрх нь 40 жилийн дараах Монголын царай болох нь.

Манайхаар бол сүм хийд шиг, Солонгос түүхэн кинон дээрх хуучны барилга, байгууламжуудаа “үзмэр” болгож, жуулчдын мэлмийг мялаана. Амьгүй барилгуудыг үндэсний хувцастай охид, залуучуудаар гоёж, хальсанд мөнхлөх боломжийг жуулчдад олгосон нь юмханаар юм хийж болохын жишээг бодитоор өгүүлнэ. Сөүлийн төв талбайд Солонгосын бичиг үсгийн эхлэлийг тавьсан Сэжүн хаан тухалсан харагдана. Мөн энэ талбайд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагддагийн нэг нь хурим. Манай улсаас ялгаатай нь хуримын ордноос гарч яваа хосууд бус харин мөрөөдлөө биелүүлж буй хичээл насныхан байгаагаараа онцлог аж. Өөрөөр хэлбэл, 100 хосын хурим нэгэн зэрэг болж байхтай аялалын багийнхан таарсан юм. Залуудаа амьдралын элдэв шалтгааны улмаас цагаан даашинз өмсөж чадаагүй хижээл насны хосуудын гэрлэлтийг баталгаажуулж, хуримын дэг ёсыг үйлдэн баярлуулахад оршдог байна. Тэдний хурмын үйл ажиллагаанд зориулж, урлагийн тоглолтыг ч мөн хийдэг аж.

 Газар нутгийн хэмжээгээрээ манай улстай харьцуулшгүй бага ч хүн амынх нь тоо 50 сая давсан энэ улсын нийслэлд 10 гаруй сая хүн амьдардаг аж. Газар нутгийн хувьд харьцангуй бага учир Сөүл хот хэтэрхий шигүү. Нарийн гудамж олонтой. Улмаар гудамж бүрт дэлгүүр, хоолны газар байрласан харагдана.

Жил бүр тус улсыг зорих жуулчдын тоо хэдэн арван саяараа хэмжигддэг байна. Тийм атал тамхины иш ч хаа сайгүй харагдана гэж үгүй. Энэ нь тамхины хууль чангатай учир зориулалтын газарт л утаа баагуулах эрх, үүрэг нь нээгддэгтэй холбоотой.

Нөгөөтэйгүүр, жуулчдад зориулсан самбар ч олноор нь байршуулсан харагдана.
Жил бүр БНСУ-ын Элчин сайдын яамнаас сэтгүүлчдийн багийг Солонгост “урьж” тухайн улсын хөгжил дэвшил, үүх түүх, үзэсгэлэнт газрууд, бүтээн байгуулалтуудтай танилцах боломжийг олгодог уламжлалтай. Энэ удаа өдөр тутмын сонин, сайт, телевиз, радиогийн гээд хэвлэл мэдээллийн баг болох 11-үүлээ тус улсыг зорьж, “ирээдүйгээр зорчсон” нь энэ юм.

Солонгос улс хэвлэл мэдээллийн хуулийг дээдэлдэг. Тиймээс аливаа мэдээллийг нягталж байж нийтэд түгээдэг “дүрэмтэй”. Энэхүү хариуцлагатай албыг Хэвлэл мэдээллийг дэмжих сангийнхан хариуцдаг байна. Тус сан гадны хэвлэл мэдээллийнхэнд өөрийн орны хэвлэл мэдээллийн салбарын тухай бодит мэдээллийг өгөх үүргийг давхар хүлээдэг аж. Иймээс үзэг нэгт нөхөдтэйгөө уулзаж, хүндрэл бэрхшээлийнхээ талаар цөөн хором хуучилснаар бидний аялал эхэллээ.

Солонгос улсад өдгөө өдөр тутмын 383 сонин, 15 телевизийн суваг, 100 гаруй кабелийн сувгаас гадна бүртгэлтэй 6600 цахим сонин үйл ажиллагаа явуулдаг аж. Технологи хөгжихийн хэрээр хүмүүс цаасан сониноос татгалзаж, цахим сонин уншдаг болсон өнөөгийн Монголын өнгө төрх яг тэнд бий болжээ.

Үүний дараа Солонгосын хэвлэл мэдээллийн тэргүүлэгч байгууллага болох “Ёнхаб” агентлагаар бид зочилсон юм. Тус агентлаг 810 ажилтантай. Үүнээс 583 нь сэтгүүлч. Дэлхийн 87 оронтой холбоотой ажилладаг бөгөөд үүний нэг нь “МОНЦАМЭ” агентлаг. Тус агентлаг дэлхийн зургаан хэлээр мэдээгээ түгээдэг. Мөн тус агентлагт Хойд Солонгосыг харах цонх байрладаг аж. Тус өрөөнд хойд Солонгосыг “нүд салгалгүй” ажигладаг. Нөгөө улсад нь телевизийн мэдээлэл өдрийн гурван цагаас эхлэн цацагддаг бөгөөд нэвтрүүлгийг нэг бүрчлэн ажиглаж, мэдээлэл боловсруулж суудаг байна.

Энэ агентлаг ирэх онд болох өвлийн олимпийн их наадмыг цацах онцлох агентлагаар сонгогдож бэлтгэл ажлаа хангажээ. Тус агентлаг өдөрт 3000 гаруй шинэ мэдээлэл бэлтгэдгийн 95 хувь нь зөвхөн мэдээ эзэлдэг аж. Тус агентлаг ажиллагсдынхаа ая тухыг дээд зэргээр хангахын зэрэгцээ эрүүл хүнсээр хооллох зорилгоор байгууламжийнхаа дээвэр дээр хүнсний ногоог тариалжээ. Мөн ажилчид салхилах сүүдрэвчтэй, дотроо фитнестэй гээд тэнд дутагдах зүйл гэж үгүй.

Солонгос Японы чимээгүй “дайн”

Дугду арал Солонгосых уу, Японых уу. Аль аль нь өөрийн улсын өмч хэмээх эртнээс маргаан үүсгэж ирсэн билээ. Солонгост тус арлыг өөрийн эзэмшлийнх нь гэдгийг илтгэх түүхэн бичиг баримтыг агуулсан музей бий. Тус музейд Дугду арал дээр ургамал, жигүүртэн амьтдаас эхлээд түүх сударт хэрхэн өгүүлсэн түүхэн баримтууд хадгалагдана. Жишээ нь, 512 онд Шилла буюу Солонгос улс Дугду арлыг эзэлсэн тухай түүхийн тэмдэглэл, 1667 оны Японы түүхийн ном, 18 дугаар зууны үеийн газрын зургийг байршуулжээ.

XVII зууны үед Дугду арлын орчимд Солонгосын загасчид загасчилж явахдаа Японы загасчидтай таарч, улмаар арлын маргаан эхэлсэн гэнэ. Тэрхүү загасчны зураг ч тус музейд байрлажээ. Тухайн арал Солонгосын газар нутагтай хамгийн ойр буюу 80 гаруй км бол, Японоос 157.5 км зайд оршдог, чулуулаг ихтэй тул хүн амьдрахад төдийлөн тохиромжтой бус.  Гэсэн хэдий ч энэхүү арлыг Солонгосын газар нутагт хамаарна гэдгийг батлах зорилгоор тус газарт Солонгосын хоёр иргэн амьдардаг байна. Дээрх хоёр иргэнд үйлчлэхээр төрийн гурван албан хаагч арал дээр ажилладаг бөгөөд нийгмийн бүхий л үйлчилгээг хүргэдэг гэдгийг музейн тайлбарлагч хэлж байсан.

Музейг 2012 онд байгуулсан бөгөөд Дугду арал дээр очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйцээр тохижуулж, ургамал, амьтдыг ч байршуулж, видео бичлэг ч тавьжээ.

Гайхамшгийг мэдрүүлэх “Пёнчан-2018”

Ирэх оны хоёрдугаар сард хүн төрөлхтний эв найрамдлын билэг тэмдэг болсон өвлийн олимп Солонгосын Пёнчан хотноо зохион байгуулагдана. Өвлийн олимп Азид хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаагаараа онцлог юм. 1972 онд Японы Саппоро хотод өвлийн олимпын наадам болсон нь Азидаа анхдагч байлаа.

Солонгос энэ удаагийн өвлийн олимпийн эрхийг авахын тулд гурван ч удаа саналаа хүргүүлж, “өрсөлджээ”. Тодруулбал, 2010, 2014 оны өвлийн олимпийн эрхийн төлөө өрсөлдөхдөө Канадын Ванкуверт гурав, ОХУ-ын Сочи хотод дөрвөн саналаар ялагдсан байдаг. Харин 2018 оны олимпийн эрхийн төлөө Германы Мюнхэн болон Францын Анси хотуудтай өрсөлдөж, Пёнчан ялалт байгуулсан нь энэ.

Сөүлээс автобусаар гурван цаг явж очих Пёнчан хот нь уулархаг, үзэсгэлэнт байгальтай, хүн ам цөөтэй амар амгалангийн орон. Олимпийн үеэр зорчигчдыг тээвэрлэхийн тулд 2012 оноос Сөүлээс Пёнчаны хооронд хурдны галт тэрэгний зам тавьж эхэлсэн байна. Зам ашиглалтад ороход бэлэн болсон бөгөөд олимп эхлэхийн өмнө зорчигчдыг зөөхөөр төлөвлөжээ.

 Аялалын багийнхан Пёнчан орох зуураа замдаа үдлэж, үдийн хоол зооглов. Кинон дээрх танил дүр зургыг тэр чигт нь шингээсэн цайны газарт үдлэж, үндэсний хувцсаар гангарахын зэрэгцээ хоолны соёл, уламжлалтай нь танилцлаа. Түүгээр ч үл барам хоолны хачруудыг дардаг торхнуудын дэргэд зургаа татуулж, “оргинал”-аар нь мэдрэх боломжийг ч бүрдүүлжээ. Ай цаанаа л нэг Солонгосын түүхэн киноны зураг авалт лугаа адил. Иймэрхүү хуучны уламжлалаа хадгалж, үндэсний хувцас өмсөж, зургаа татуулах боломжийг энгийн цайны газар ч өөрийн онцлогтоо шингээсэн байх нь энүүхэнд. Эл дүр зураг жуулчдыг соронздох бас нэг мэх болдог аж.

Солонгос нутгийн үндэсний хувцас, хоолны соёлоор зочилсны дараа 23 дахь удаагийн өвлийн олимп болох хотод хүрэлцэн ирэв. Энэ удаагийн олимпийн наадмыг 12 байгууламжид зохион байгуулах аж. Нэг цэнгэлдэхээс нөгөө рүү очиход ердөө 10 минут хангалттай гэнэ. Өмнөх олимп зохион байгуулсан орнуудын хувьд байгууламжууд зайтай байсан учраас тамирчид тэмцээндээ оролцож чадахгүй хоцрох тохиолдол гарч байжээ. Иймээс энэ бүхнээс сургамж авч, ийм таагүй явдал гаргахгүй байхаар нарийн зохион байгуулалттайгаар байгууламжуудын шийдлийг хийжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийд анх удаа хамгийн нэгдсэн зохион байгуулалттай өвлийн олимпийг солонгосчууд хийхээр төлөвлөсөн нь хараа булаана. Хэрвээ сэтгүүлчид Пёнчан болон Каннын хотын хооронд явах бол автобусаар үйлчлэх болно.

Тамирчид нийт 102 медалийн төлөө олимпийн долоон төрлөөр өрсөлдөнө. Одоогоор эрх авах тэмцээнүүд үргэлжилж буй учир хэдэн тамирчин оролцох нь тодорхойгүй байна. Мөн ирэх оны гуравдугаар сарын 9-нөөс үргэлжлэн паралимпийн тэмцээн Пёнчанд зохион байгуулах гэнэ. Энэ удаагийн олимпийн билэг тэмдгээр цагаан бар, паралимпийнх нь хар баавгай байх аж.

 Олимп болох 12 байгууламжийн зургааг нь шинээр барьжээ. Бид эхлээд цанын төрлүүд болох талбайтай танилцлаа. Зөвхөн тэмцээн болох талбайгаас гадна бэлтгэл хийх талбайг дэргэд нь байгуулжээ. Тэмцээн болох байгууламж нь 13500 хүний суудалтай. Тус байгууламжийг олимпийн дараа бэлтгэл хийх байрны зориулалтаар ашиглах гэнэ.

Цанын төрлүүд өндрөөс үсэрч өрсөлддөг учир салхи ихтэй, тамирчид баримжаагаа алдах тохиолдол гардаг аж. Тиймээс дэлхийн жишигт ихэвчлэн нам дор газар тусгай талбай засч, энэ төрлийн тэмцээнийг зохион байгуулдаг байна. Харин Пёнчаны газар нутаг далайн төвшнөөс дээш 700 метрийн өндөрт байрладаг тул салхины хамгаалалт заавал байх ёстой гэж үзээд нэмэлт хамгаалалт хийжээ.

Үүний дараа бид өвлийн олимпийн нээлт, хаалт болох цэнгэлдэхтэй танилцав. 35 мянган хүний суудалтай долоон давхар энэ байгууламжийг зөвхөн нээлт, хаалтын үйл ажиллагаанд зориулан босгожээ. Тэмцээний дараа энэ байгууламжийн дөрвөн давхрыг нь буулгаад үлдсэн гурван давхрыг нь ашиглахаар төлөвлөсөн байна. Харин Канныд байфрлах тэшүүрийн уралдааны ордон 8000 хүний суудалтай.

Энэ удаагийн олимпийн “буян”-аар солонгосчууд анх удаа 10 мянган хүний суудалтай мэргэжлийн Хоккейн ордныг байгуулжээ. Энэ ордныг дэлхийн жишигт нийцсэн гэж дэлхийн олимпийн хороо дүгнэснийг танилцуулгын үеэр онцолж байлаа. Уран гулгалт, шорт трейкийн тэмцээн явагдах байгууламж нь 12 мянган хүний суудалтай. Гол нь байгууламж бүр өөр өөрийн гэсэн онцлог төрхтэй байхын зэрэгцээ эргэн ашиглагдахаар төлөвлөгдсөн байна. Мөн хоорондоо ойр байрлах бөгөөд тэмцээний үеэр автобус байнга явж байхаар зохицуулжээ.

Өвлийн олимпийн наадмын тасалбарыг өнгөрсөн есдүгээр сарын 5-наас онлайнаар зарж эхэлжээ. Хамгийн анхны худалдан авагч нь тус улсын Ерөнхийлөгч. Солонгос улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мөн сурталчилгааны ажилд “дайчлагдаж” очсон улс болгоныхоо төрийн тэргүүн болон албан хүмүүст өвлийн олимпийн наадмыг сурталчилж, билэг тэмдгийг нь бэлэглэж яваа гэнэ.

Түүнчлэн Пёнчан хот байрлаж байгаа Кан Вон Ду мужтай хамтарч 2004 оноос “Dream program” хөтөлбөрийг зохион байгуулж иржээ. “Dream program” гэдэг нь өвлийн спортоор хичээллэх боломжгүй дулаан орны хүүхдүүдийг Солонгост авчирж, тухайн спортоор хичээллэх боломжоор хангадаг байна. Мөн энэ спортоор үргэлжлүүлэн хичээллэх боломжийг олгодгоороо хөтөлбөрийн давуу тал оршино. 2004-2017 он хүртэл 83 орны 1919 хүүхэд “Dream program” хөтөлбөрт хамрагджээ. Тэдний дундаас тамирчин болоод явж байгаа хүүхэд ч бий гэнэ.

Харин ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдөр өвлийн олимпийн бамбар Солонгост ирнэ. Энэ өдөр G100 буюу олимп эхэлтэл 100 хоног үлдсэний баярыг Солонгос даяар тэмдэглэхээр төлөвлөжээ. Иймээс энэ өдрийг цаг тооллын дэвтэр дээр онцгойлон тэмдэглэсэн нь харагдана. Цаашлаад ирэх сарын 6-ны өдрөөс Солонгос даяар өвлийн олимпийн тасалбарыг худалдах цэгүүдийг нээнэ. Мөн арванхоёрдугаар сарын 21-нд G50 буюу олимп эхлэхэд 50 хоног үлдсэний баярыг хийнэ. Улмаар 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр олимпийн хотхон үүд хаалгаа нээж, тамирчид, албаны хүмүүсээ хү¬лээж авах юм байна. Ингээд хоёр-дугаар сарын 9-нд олимп эхэлнэ.

Уншигч та Солонгос улсын хөгжил дэвшлийг биширч, тус улсын үүх түүхтэй танилцахын сацуу хүн төрөлхтний эв найрамдлын билэг тэмдэг болсон өвлийн олимпийг үзэж сонирхох боломжтой. Ганц өвлийн олимпийг үзэхээс илүүтэй зохион байгуулалтыг хэрхэн гайхалтайгаар хийж чадсаныг үзэх боломж тохиох юм. Танд л гэж сануулахад Солонгос нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж эхэлсэн байна. Ганц удаа ашиглаад хаях эд зүйл нь эдийн засгийн хувьд гарз хохиролтой тул ийм шийдлийг төрөөс баримталж эхэлжээ. Тиймээс зочид буудлууд нэг удаагийн сойз, оо, мөн аяга зэргийг халсан болохыг дуулгая.

Л.Нинж

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.