Топор багийнхан хэмээн нэрлэгдээд байгаа У.Хүрэлсүхийг дагаж, Ардчилсан намынхны заавраар Засгийн газраа унагахаар нэгдээд байсан 30 гишүүн хоорондоо муудалцаж эхэлсэн гэнэ. Мэдээж, өөрсдийнх нь эрх ашигт нийцэхгүй зарим зүйлийг Т.Аюурсайханаас эхлээд ярьж, хэлж байгаа нь бусдынхаа дургүйг дэвэргээд амжсан гэнэ. Тодруулбал, Т.Аюурсайхан “Гарын үсэг зурсан 30 гишүүний нэг нь ч сайд болохгүй” гэх мэтээр ярилцлага өгсөн нь бусдынхаа дургүй, зэвүү 2-ыг зэрэг хүргэчихсэн юм байх. Өчигдөр чуулганы хуралдаан завсарласны дараа У.Хүрэлсүхийн өрөөнд орж, энэ бүхнийгээ ч хэлээд амжсан бололтой. Топор багийнхны ихэнх нь гомдогсдын армийнхан бөгөөд цаад санаа нь давхар дээл өмсөх байсан учир зарим нэг нусгай тэдний өмнөөс сайд болохгүй гэж ярьсан нь ах нарт нь таалагдаагүй аж.
Сангийн сайдын сэнтийг мөрөөдсөн Ц.Хүрэлбаатар VS Б.Жавхлан
Тодруулбал, Ц.Хүрэлбаатар Сангийн сайд болох хүсэлдээ хөтлөгдөн Топорын багт орсон. Нутаг нэгтэндээ мөрөөдөж явсан суудлаа алдсан нь ч түүнийг энэхүү замаар явахад хөтөлсөн нь дамжиггүй юм. Одоогийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнд гэхдээ тэр иймэрхүү зүйл хэлж чадахгүй л дээ. Араар нь л иймэрхүү зүйлээ хийж яваа нь энэ. Харамсалтай нь Топорын багт Сангийн сайд болох хүсэлтэй ганц хүн байгаагүй нь Б.Жавхлангийн хүсэл, сонирхлоор илэрхийлэгдэнэ. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр өнгөрсөн хугацаанд ажиллаж, УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймагт мөнгөөр бороо оруулсан гэгддэг тэрбээр Сангийн сайдын суудалд сууж, өөрийн намтарт нэгэн шинэ хуудсыг нээхгүй бол алдас болно гэж үзээ биз. Ямартай ч энэ зөрчил ч Топорчдыг тарахад нөлөөлөө биз.
Батлан хамгаалахын сайд гээд өөрийгөө төсөөлчихсөн Ж.Энхбаяр
Харин Ж.Энхбаяр гишүүний хувьд Батлан хамгаалахын сайдын албыг хашиж үзсэн. Цаашдаа ч эндээ байх сонирхолтой гэдэг утгаараа Б.Бат-Эрдэнэ сайдын оронд очих тохироог аль хэдийнэ У.Хүрэлсүхтэй хийсэн гэх юм билээ.
Өвөрхангайнхан Шадар сайдын суудлыг авах зорилготой ч С.Чинзоригийн далд хүсэл нэмэгдэнэ
Д.Сумъяабазар, С.Чинзориг, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар Шадар сайдын суудлыг авах сонирхолтой байгаа. Шадар сайд гэдэг У.Хүрэлсүх мэтийн гишүүний суудал ч авч чадаагүй хүнд гологдоод байхаар суудал биш. Шууд харьяандаа улсын онцгой томоохон обьектуудыг нэгтгэсэн ач холбогдол бүхий албан тушаал. Энэ ч утгаараа Өвөрхангайнхан энэ суудалд эвтэй найртайгаар шунан дурлаж, өөрсдийн болгосон хойноо томилгоонуудыг хийхээр төлөвлөөд байсан биз. У.Хүрэлсүхийн энэ тохироог мэдсэн бол түүний харьяа агентлагуудын даргаар ажиллаж байгаа хүмүүс ямархуу зан араншин гаргах байсан бол гэдэг нь сонин.
Өвөрхангайн дуулиант нэгэн эрхэм бол С.Чинзориг. Тэрбээр өмнөх сонгуулийн үеэр АН-ынханд найр тавьсныхаа хариуд Нийгмийн хамгааллын сайд хэмээх алдрыг хүртэж, тухалж байсан удаатай. Тэгвэл тэрбээр энэ удаад ч бас Н.Номтойбаярыг унагаж, оронд нь очих сонирхолтой байгаа гэх юм билээ.
Боловсролын сайдын суудлыг горилж, багш нарыг өдөөн турхирсан Н.Учрал
Н.Номтойбаяр өөрийг нь дарамталсан гэх сенсаацийг дэгдээгээд байсан учрал ийм л цаад санаатайгаар Засгийн газрыг унагахаар улайрчихсан яваа. Ашиг сонирхлын маш том зөрчилтэй энэ шавилхан залуу угаас урлаг, уран сайхан, боловсролын салбарт томоохон бизнестэй нэгэн. Л.Эрдэнэчимэгийг нулимстай нь хутгаж УИХ-ын гишүүний суудалд тухалсан тэрбээр өөрийн бизнесийг цэцэглүүлэхгүй бол УИХ-д орж ирсний хэрэг юусан гэж бодож байгаа нь гарцаагүй. Ямарсайндаа багш нарын зовлон дээр тоглолт хийж, хэдэн хүнийг цалинжуулан жагсаал, цуглаан хүртэл хийлгэж амжсан сүүхэйтэй залуу гэдэг бор шувуу Төрийн ордноор нисч явах вэ. Топорын багаас боловсролын салбарыг иймэрхүү хүн удирдах зорилготой байжээ.
Дараагийн тэмүүжин болох хүсэлд автсан Х.Нямбаатар
О.Магнай сонгуулийн үеэр өөрийнх нь тархийг хагалсан гэж шуугиан дэгдээсэн МАН-ын сүйхэйтэй залуусын нэг Х.Нямбаатар өөрийгөө Хууль зүйн сайд болно гээд бат итгэчихсэн, зүүдэндээ томилгоогоо хийгээд явж байгаа гэх юм билээ. Орхон гэх дээд сургуулийг дүүргэсэн тэрбээр УИХ-д орж ирэнгүүтээ л томоохон гэсэн хууль эрхзүйн салбартай холбоотой төслүүдийг бэлтгэх ажлын хэсгийн ахлагч болж, болсон болоогүй баахан хууль батлуулчихсан. Тэр нь өнөөдөр иргэдэд өгсөн гавьяагүй хэрнээ гай болоод явж байх жишээний. Одоо Үндсэн хуулийг өөрчилнө гэчихсэн л гүйж явна. “УИХ-ын хөгшчүүд надтай шинэ цэрэг шиг харьцлаа” гэх мэт үгсийг унагаж явсан эрхэм Хууль зүйн сайд болбол жижгэрүүлээд өгнө өө л гээд бодчихсон явсан байхдаа, хөөрхий.
Гадаад явснаасаа хойш сонин болчихсон Г.Занданшатар Гадаад хэргийн сайд болж чадах байсан уу
АНУ-д мэргэжил дээшлүүлээд ирснийхээ дараа Э.Бат-Үүлтэй нийлж, Зөвлөлдөх ардчилалын нэрийг барьж, намынхнаасаа УИХ-д нэр дэвших квот авч байсан Г.Занданшатар өмнө нь тухалж байсан сэнтий рүүгээ нүд унагаастай. Автын осолд орсноосоо хойш өмнөх шигээ байхаа больсон гэгдэх болсон тэрбээр АНУ-аас ирээд л намынхнаа шантаажилж эхэлсэн. Одоо ч энэ зангаа тавиагүй байгаа нь өс хонзон санаад байгаа бололтой гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.
Хятадуудтай дотно Д.Цогтбаатар байгаль орчны сайдын сэнтийг мөрөөдсөн ч
Түүнийг улс төрийн хүрээнийхэн Хятадын гүүр гэх юм билээ. Мэдээж, ганцаараа биш л дээ. Өмнө нь хэд хэдэн сайдын албыг хашаад үзчихсэн тэрбээр энэ удаа мөн л байгаль орчны сайд болох хүсэлтэй байсан гэх. Түүний хятад түншүүд энэ суудалд тухлах сэдлийг нь төрүүлж, түлхсэн гэдэг яриа саарал ордноор тэнэж яваа нь хоосон л биш байх гэх юм билээ.
Оргилын Ганбаатарын оргилох хүсэлд саад болсон Х.Болорчулуун
Ангийнхан нь түүнд “УИХ-ын гишүүн болсны чинь хойно И-март орж ирсэн нь яамай даа, тэгээгүй бол ч танайх өнгөрөх байлаа шүү” хэмээн хошигнодог юм билээ. Тэрбээр мөнгөөр бороо оруулж, айлуудын хоймрын ТВ-үүдэд сар шахам заларсны хүчинд УИХ-ын гишүүн хэмээх эрхэм алдрыг хүртэж чадсан нэгэн. Харин саяхнаас хөдөө аж ахуйн сайд болох санаархалд хөтлөгдөх болсон гэнэ билээ. Бас л ашиг сонирхлын зөрчил үүснэ гэдгийг мэдэж байсан ч өөрийнх нь бизнес хэн нэгний бизнесээс болж сүйрч болохгүй гэдэг дээр хатуу байр суурьтай зогссон бололтой юм.
Түүнтэй зэрэгцээд энэ суудлыг онилсон эрхэм бол гурилынхаа үйлдвэрийг усаар тэтгэхийн тулд Хэрлэн голыг боосон гэгдэх Х.Болорчулуун гишүүн. Дорнодын хаан хэмээн өөрийгөө нэрийддэг түүнд байгаа бүхэн нь хангалтгүй байгаан дээр сайдын сэнтийд суух нь намтраа зузаалах нэг хэрэгсэл байсан бололтой юм. Тэдний зөрчил, нусан жур ангийнхных нь мэдэгдэл ямартай ч хүслийг нь унтраасан бололтой.
Уул уурхайн сайд болчихвол Ц.Гарамжав хатагтай хаданд гарах гээд байсан юм байлгүй
УИХ-д орохоосоо өмнө уул уурхайн компаниудаараа монголчуудад хэдийнэ танил болчихсон байсан энэ хатагтайн амьдрал энэ салбартай нягт уялдаатай. Ямарсайндаа л хүргэнээ хүртэл Оюутолгойн ТУЗ-д оруулсан гэх хэл аманд өртөж байхав. Тэгэхээр энэ хатагтайн Засгийн газрыг огцруулахыг хүссэн шалтгаан нь энэ салбарыг атгах байсан бололтой юм. Харамсалтай нь Топор багийн нусгай бацаанууд түүний хүсэл, мөрөөдлийг салхинд хийсгэж орхих шиг боллоо.
Замыг там болгодог Д.Дамба-Очир Зам тээврийн сайдад горилж байжээ
Замыг там болгодгоороо алдартай эрхэм Д.Дамба-Очир Топорын багт элсэх шалтгаан нь чадахгүй зүйлээ чаддаг болох байсан гэлтэй. Тэрбээр Зам тээврийн сайдын суудалд санаархаж, хүссэнээ ч авах тохироог хийчихсэн байсан гэх юм билээ. Эрдэнэтээс О.Баасанхүү, Д.Дамба-Очир нарыг ёстой азаар сонгогдсон гэдэг ч аз нь илүү шовойж сайд болох шахсан Д.Дамба-Очир гишүүн хоосон мөрөөдөлтэйгөө л үлдэж байх шив дээ.
Помбогор коммунист Ш.Раднаасэд Эрчим хүчний сайд болох байсан л гэнэ
Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллах энэ хугацаандаа бараг л шүүгчийн үүрэг гүйцэтгэчих гээд байсан энэ нөхрийг ямаршуухан коммунист гэдгийг нь ангийнхан нь хангалттай мэдсэн. Хууль зүйн сайдаар очих саналтай байсан ч Х.Нямбаатартай тохиролцсон түүний хувьд үлдсэн ганц боломж нь Эрчим хүчний сайд байсан бололтой юм. Материал голохгүй гэдэг шиг л үлдсэнийг нь би авъя гэсэн бололтой юм уу даа. МАН цөөнх байх үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан гээд бодохоор түүнийг У.Хүрэлсүхийн итгэлт анд хэрнээ хүссэн сайдынхаа суудалд суух эрхийн бичгийг Х.Нямбаатарт алдсан байсан гээд бодохоор нэг их ач холбогдолгүй нэгэн ч юм шиг. Ямартай ч яасан ч байлаа түүний сайд болох мөрөөдөл ийнхүү хумхын тоос болон замхрах нь тодорхой боллоо.
Эрүүл мэндийн салбар гэдэг сэтгүүлчдэд зөөлөн боорцог гэж боддог бололтой
ТВ5, Монгол ТВ –ээс УИХ-д суусан гэхээр хэн 2 вэ гэдэг нь төсөөлөгдөж байгаа биз. Үндэсний телевизээс угшилтай Д.Сарангэрэл гэх сэтгүүлч ТВ5-аа байгуулж, нэлээд хөлжиж улмаар улс төрд хөл тавьсан нь дэмжлэг авсан азтай нэгэн. Стимо хэмээх боорцогны үйлдвэртэй тэрбээр телевизийнхнийхээ цалинг заримдаа боорцгоор тавьдаг гэх сураг ч дуулддаг л байсан. За тэгээд мөнгөгүй байх үеийг алийг тэр гэхэв. М.Оюунчимэгийн хувьд сэтгүүлчийнхээ карьерийг аль эрт орхиж, Сү.Батболдыг дагаж байсан нэгэн. Чамгүй олон жилийн хугацаанд улстөрчдийн хар бор ажлыг хийж явсны эцэст өнгөрсөн жил УИХ-д сонгогдсон хатагтай. Тэд эмэгтэй хүн гэдэг утгаараа Эрүүл мэндийн сайдын суудлыг горилж байгаа гэнэ. Хоорондоо учраа олж чадахгүй байгаагаасаа болж, Топор толгойлогчийгоо Засгийн газрын талд саналаа өгнө гэж сүрдүүлж байгаа ч сураг дуулдсан. Гэхдээ эрхэм бүсгүйчүүд Эрүүл мэндийн салбарыг шүүмжилж үзсэн болохоос цэгцэлж үзээгүй нь лавтай. Энэ салбар тэдний саварт орох хөг нь өнгөрсөнд нь баярлаж сууна.
Банхар Батзориг барилгын сайд болох гэсэн гэв үү
Баянзүрхийн Засаг дарга байхдаа уран барималд ямар их дуртайгаа харуулсан нэгэн эрхэм бол УИХ-ын гишүүн Б.Батзориг. Түүний үлдээсэн “өв”-ийг баянзүрхчүүд мартахгүй нь лавтай. Офицеруудын ордон уруудаад Банхартай хөшөө, Сансарын тунель өгсөөд тумбаашийн хөшөө гээд л дурсгах юм ихтэй энэ эрхэм өөрийн хоббиг дээд түвшинд аваачихаар шийдсэн байсан гэнэ. Барилга хот байгуулалтын сайд болчихсон бол ч дүүрчээ л гэх байлаа. Сайд болох гэсэн ах, эгч нарынхаа хүслээр оролдсон Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ гэх мэт дүү нар нь Топор ахынхаа “операция Ы”-г нурааж, одоогийн Засгийн газарт ажлаа үргэлжлүүлэх боломж олгож байгаа бололтой юм.
UBS болон халх гэсэн 2 хэсэгт хуваагдсан топорчид Засгийн газрыг унагах ёстой, үгүй гэдэг дээрээ ихээхэн зөрчилдөж эхэлсэн нь тодорхой боллоо. Увсынх фракци нь ч дотроо Ц.Нямдорж VS Ц.Хүрэлбаатар гэж хуваагдчихаад байгаа нь Топорчдын ажил урагшгүй болсны нотолгоо биз.
У.Хүрэлсүхийг дагалдан баясаж, АН-ынхны өгөөшөнд орсноо мэдсэн гишүүд эхнээсээ Засгийн газарт өөрсдийн шаардлагыг тавьж, зөвшөөрвөл огцруулах асуудлыг хав дарж, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдэг ам тангаргийг эхнээсээ өгөөд эхэлчихэж. Ямартай ч тэдний хүссэн зүйл нь улс эх орны эрх ашгаас дээгүүр байхгүй гэдэгт найдаж, Засгийн газар тайван ажлаа үргэлжлүүлэх нь гэж ойлгож болох нь ээ. АН-тай нийлж засгаа унагах гэсэн У.Хүрэлсүхийн шог үзэгдэл дуусгавар болж, хүслээ биелүүлэх гэсэн МАН-ын хэсэг нөхрийн ажил амжилттай болж байх шиг байна.