Түлш шатахууны нийлүүлэлт зогслоо, Г.Дамдинням сайд аа

2 цагийн өмнө slider

Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй зэвсэгт мөргөлдөөн нь дэлхийн нефтийн зах зээлд хүчтэй нөлөөлж, олон улсын эдийн засагт ч “халалт” үүсгэсээр байна. Тиймээс дэлхийн томоохон улс орнууд ирэх жилүүдийн хямралд хэдийнэ бэлдэж, авдар саваа зэхээд эхэлж. Харин манай улс гал намжаах байдалтай өдөр хоногийг өнгөрөөсөөр…

Бид нефтийг Ойрхи Дорнодоос шууд импортолдоггүй ч дэлхийн зах зээлийн хэлбэлзлээс шууд бусаар хамааралтай амьдардаг нь чухам үнэн. Манай улс шатахууныхаа 95-97 хувийг гаднаас буюу тэр дундаа нэг улсын импортоор хангадаг нь эмзэг байдлыг бий болгодог. Хэрэв дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом өсвөл нийлүүлэгч улс өөрийн дотоодын хэрэгцээг хамгаалах, эсвэл илүү ашигтай зах зээлд нийлүүлэх бодлого баримтлах магадлалтай. Энэ тохиолдолд Монгол Улсад ирэх шатахууны нийлүүлэлт багасах, саатах эрсдэл үүсэх нь тодорхой.

Тэр дундаа ойрын хугацаанд үүсэх эрсдэл бол шатахууны үнийн өсөлт. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхийн хэрээр импортын өртөг нэмэгдэж, дотоодын шатахууны үнэ дагаж өсдөг нь бичигдээгүй хууль. Энэ нь тээвэр, ложистик, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, улмаар инфляц өсөхөд хүргэнэ.

Өнөөдөр нефтийн үнэ 100–110 ам.доллароос давж, өсөх хандлагатай байна. Тэр ч бүү хэл зарим тохиолдолд нийлүүлэлт өдөрт хэдэн сая баррелиар буурах магадлалтай байгааг холбогдох албаныхан өдөр бүр анхааруулсаар буй юм.

Нөгөө талаас, шатахууны үнийн өсөлт нь зөвхөн эдийн засагт төдийгүй нийгэмд сөрөг нөлөө үзүүлдэгийг хэн хүнгүй мэднэ. Өрхийн хэрэглээний зардал нэмэгдэж, бизнес эрхлэгчдийн ашиг буурч, зарим тохиолдолд бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүрдэг. Иймээс шатахууны асуудал нь зөвхөн нэг салбарын бус, нийт эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой. Энэ мэтчилэн шатахууны хомсдол нь түмний зовлон болдог.

Гэтэл өнөөдөр салбарын сайдтан гуай жижүүрийн хэдэн хариулттай, өдөр хоногийг аргацаасан шигээ сууна.

Улс төр бужигнасан эл өдрүүдэд нам хаяалж давхихгүй, ирэх өдрүүдийнхээ эрсдлийг  тооцоолж ажилдаа өөриймсөг хандана уу. Ядаж л цаашид эх үүсвэрээ төрөлжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, стратегийн нөөцийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхэд анхаарч нэгийг бодож, хоёрыг амжуулмаар байна, Г.Дамдинням сайд аа…

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.