Маргааш Нийслэлийн ИТХ болно. Эл хурлаар Ц.Сандуй албан ёсоор чөлөөлөгдөх юм.
Цагтаа засаг толгойлон цалгиж явсан эх хүмүүн Н.Алтанхуяг “Засгийн газрыг цөөнх биш олонх дотроосоо унагадаг юм” хэмээн халаглаж байсан удаатай. Харин энэхүү алдарт ишлэл өдгөө Ж.Эрдэнэбатын танхимын хувь заяаг яг оноод хэлчихсэн харагдана.
Үнэндээ хөөрхий, буланд шахуулж амь бөхөж буй хоёр танхимын хувь тохиол нэг л ижилсүү байж. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн АН-ын алдааг өдгөө ах намынхан албан тушаал, амьдралын эрхээр ийнхүү давтдаг л юм байна. МАН-ын овгорууд нэгнийхээ ар нуруу руу хутга далайн зогсоно. Нийгэм түүнийг нь анхааралтай хараа овоондоо буулгажээ. Цаашлаад энэхүү бусармаг үйлдлийн нэг захыг НИТХ-ын дарга Ц.Сандуй гартаа дэгээдчихсэн дэглэж суугаа гэх шив…
Гэхдээ ч тэрбээр ямар үед хэрхэн хөдлөхөө хэнээр ч чиглүүлэхгүй нарийн мэдрэмжтэй ажиллаж чаддаг юм билээ. Яг Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэхтэй зэрэгцэн Ц.Сандуй дарга эр зориг, шударга хүний дүрд шууд хувиран одохуй, гайхамшигтай. Тэрбээр ажлаа өгөхөөр болж өргөдлөө өгөх нь тэр. Нийгэм ч түүний энэхүү үйлдлийг сайшаасан нь цахим ертөнцийн салаа сэтгэгдлүүдээс анзаарагдаж буй юм. Зүй нь манай дарга нар сандал ширээтэйгээ зууралдаж, тамга тэмдэгээ авч зугтаахаас өөрийн хүсэлтээр ажлаа өгдөг нь ховор үзэгдэл. Тиймээс л Ц.Сандуй дарга ийнхүү мэдрэмжтэй шийдвэр гаргаж.
Ёстой л зул бөхөхийнхөө өмнө нэг сайн гэгч нь бадамладаг шиг л. Эрхэм сэтэртэн гуай зөөлөн сэнтийгээсээ буухаасаа өмнө шударга хүний имиж бүрдүүлж, өөртөө ийнхүү баатарлаг шошго зүүгээд нийслэлээс мордох нь түүний харласан ирээдүйд цуцал болохыг тооцоолсон хэрэг. Өөрөөр хэлбэл, Ц.Сандуй даргын хувьд хаашдаа хөөгдөхөөс хойш өөрийн хүсэлтээр хаалгаа цаанаас нь хаавал хувь илүү гэдгийг тэр хэн хүнээс ч илүү мэдэж байх юм. Өрөвчхөн сэтгэлтэй монголчууд түүний хувь заяаг ёстой өргөөд л явчихна шүү дээ.
Түүгээр зогсохгүй Ц.Сандуй даргын хувьд, энэ засгийн үеийн хамгийн азтай нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Намынхаа анхан шатны гишүүдийн дэмжлэгийг авч чадахгүй, гишүүд нь ч бараг түүнийг танихгүй шахам хүн шүү дээ. Тэр ч утгаараа анхан шатнаасаа эхлээд бүх л шатанд түүнийг огцруулахыг дэмжигсэд олон байсан. Тухайн үед түүнийг анх томилогдоход намын анхан шатны гишүүд нь дээд дарга нар яаруу бачуу хүнээ сайн судлалгүй томиллоо гэх шүүмжлэлийг хөврүүлж байсан гэдэг. Гэхдээ л тэр хүн чадсан. Хүрэхээр зүтгэсэн оргилдоо ямар ч хамаагүй үнээр, яаж ийж байгаад хүрсэн нь л чухал.
Гэхдээ бас л олны үг ортой гэж. Тэрбээр ажил дээр гараад ёстой л ухаангүй ноёнд урагшгүй албатын дүрд хувилсан гэх. Хөөрхийг олны хэл ам тайван байлгах юм биш Түүнийг хурдтай ажиллаж, гаргасан шйдвэрүүддээ ам бардам суух чадваргүй гээд л. Ямар сайндаа л хот төлөвлөлт, дэд бүтэц нь эхнээсээ буруу хийгдсэн гэж дүгнэгддэг хотод автомашины зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хориглосон шийдвэр гаргасан нь түгжрэлийг нэмсэн үү гэхээс хассангүй. Дээрээс нь орлогч нь түүнийг байхгүй үед энэ шийдвэрийг гаргасан гэсэн нь түүнийг ажлаа мэдэхгүй нэгэн болгон харагдуулж, улс төрийн нөхцөл байдал хурцадсан үед С.Батболдыг шүүмжлэх галыг өрдөж, дайран дээр нь давс нэмж орхив. Засаг дарга огцрох юм бол нийслэлийн агентлаг газруудын дарга нар хөдлөх нь дамжиггүй. Хөдөлгөөнд орж солигдох дарга нарын оронд хэн томилогдож, ирэх сонгуулиас өмнө иргэдийн сэтгэлд хүрэхүйц ямар ажил хийх вэ гэдэг л илүү чухал болоод байна. Тиймээс ч МАН-ын жирийн гишүүд үүнд аль хэдийнэ анхаарал хандуулаад эхэлж. Халаа сэлгээ хийхийг ч дэмжиж байгаа аж.
Тиймээс ч энэ алдааг одоо дахин давтахгүйн тулд цаашид томилогдох хүмүүсийг ажлын дадлага туршлагатай, намын нийт гишүүдийн дэмжлэгийг авч чадахуйц, олон нийтэд танигдсан, мэдлэг боловсролтой, шийдэмгий, ёс зүйтэй, нам дамжсан олигархи бүлэглэлтэй холбоогүй, чадварлаг мэдрэмжтэй хүн байх хэрэгтэй гэж намын жирийн гишүүд нь зөвлөж байгаа. Мөн намын анхан шатны гишүүдийн санал бодлыг дарга нар илүү сонсох хэрэгтэй. Дээрээс доош биш доороос дээш өгссөн шийдвэр гаргаж байж амьдралд илүү ойртон, ард иргэдэд хүрсэн ажил нь хийдэг болно гэж зөвлөж байгаа юм.
Яаж ч бодсон МАН хүнээ сайн таньж , албан тушаалын томилгоог зөв хийж, иргэддээ чиглэсэн ажил хийхгүй бол ирэх сонгуульд ялах магадлал бага. Мөнгө харсан томилгоо хийж, ажил мэдэхгүй хүмүүст албан тушаал өгсөн нь намын нэр хүндийг унагаж иргэд олон түмний дэмжлэгийг зогсоосныг Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн харууллаа гэж гишүүд нь дүгнэх болсон. Тиймээс ч нам шинэчлэгдэж, мэдлэг, чадвартай боловсон хүчнийг сонгох нь улс орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, намын нэр хүндийг өсгөх ганц боломж гэж дүгнэж байна. Ямартай ч улаан батлахтнуудын энэ удаагийн халаа сэлгээний үеэр хаана хэн томилогдож, юу хийж чадахыг олон нийт харах л үлдлээ. Мөнгө харсан томилгоо хар мөртэй байдгийг өдгөөгийн улс төрийн үйл явц дэндүү ил цагаанаар харуулах шиг боллоо, МАН-ынхаан…
С.Гэрэлчулуун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.