
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, өнөөдөр өндөрлөж байна. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын хооронд худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучууд, спорт, аялал жуулчлал, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбар, чиглэлээр хамтран ажиллана.
Монгол Улс Тажикистан улсад ноос, ноолуур, арьс шир, савхин эдлэл, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж, жимс, жимсгэнэ, нарийн ногоо, хөвөн, хөвөн даавуу зэргийг нийлүүлдэг.
АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД:
-Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, Тажикистан Улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, хөвөн даавуун бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
-Монголын өндөр чанартай ноос, ноолуурыг Тажикистаны хөвөн, нэхмэлийн үйлдвэрлэлтэй уялдуулан нэмүү өртөг шингэсэн хамтарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хамтын ажиллагааны шинэ боломж бий болгохоор санал нэгдлээ.
-Монгол, Тажикистаны бизнес форум зохион байгуулсан нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог улам бүр бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
-Хоёр улсын зах зээлд бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэхэд хувь нэмэр оруулах Монгол, Тажикистаны Бизнесийн зөвлөл байгуулах саналыг сайшаан дэмжиж байна.
Мөн зам тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох боломжийг бүрдүүлэхэд хоёр талын тээврийн асуудал хариуцсан яамд нягт хамтран ажиллахаар тогтлоо.
“Чингис хаан” үндэсний музей, Тажикистаны Үндэсний музей хооронд түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, соёлын биет бус өвийн судалгаа хийх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохирлоо.
Усан цахилгаан станцын арвин туршлагатай Тажикистан Улсын туршлагаас суралцаж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Үндэсний ногоон хөгжлийн хөтөлбөр-2040” хөтөлбөрийг уялдуулан хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад бодит хувь нэмрийг оруулна.
Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо.
МОНГОЛ-ТАЖИКИСТАНЫ 60 ГАРУЙ БИЗНЕСИЙНХЭН САНАЛ СОЛИЛЦОВ
“Монгол-Тажикистаны бизнес форум”-ыг дугуй ширээний уулзалт хэлбэрээр зохион байгууллаа. Уулзалтын үеэр Монгол, Тажикистаны эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар харилцан танилцаж, бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар санал солилцов. Энэ үеэр МҮХАҮТ болон Тажикистаны “Тажинвест” байгууллага хоорондын хамтын ажиллагааны Замын зураглалд гарын үсэг зурлаа. Мөн “Прайм Номадик Мийт” ХХК, “Нью Тех Мандала” ХХК, “ПАК Мийт” ХХК Тажикистаны “Лесинвест” ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, хоёр улсын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд шинэ алхам хийлээ.
Мөн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, B2B уулзалт хийлээ. Дугуй ширээний уулзалтад хоёр талаас 60 орчим бизнесийн төлөөлөл оролцлоо.
ТАЛУУД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХ 11 БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
-“Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т
-“Олон улсын автотээврийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т
-“Ургамал хамгаалал ба хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т
-“Хөдөө аж ахуй, хүнсний хангамжийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын 2026-2028 оны Замын зураглал”-д
-“Бэлчээрийн газрын нөхөн сэргээлт, мөсөн голын хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилтийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Байгаль орчныг хамгаалах хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т
-“Залуучууд, спортын салбарт хамран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т
-“Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт аюулгүй байдлыг хангах төрийн хяналт шалгалтын алба хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т
-“Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т
-AZ“Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Бага, дунд мэргэжлийн боловсролын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т
-“Геологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Геологийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т
-“Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Бүгд Найрамдах Тажикистан -Улсын Засгийн газрын дэргэдэх Экспортын агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т
Экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, худалдаа эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг холбож, хамтын ажиллагааг хөгжүүлэх, форум, семинар бусад арга хэмжээ зохион байгуулах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлан таниулах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
1 цагийн өмнө
2 цагийн өмнө
3 цагийн өмнө
5 цагийн өмнө
2026-07-21
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.