Намаа тарааж байгаа хүмүүс төрд юу хийж чадах юм бэ?

4 цагийн өмнө Uncategorized


Монголын парламент энэ Батбаатар гэж ИЗНН-ын баахан мөнгөний асуудалтай даргаас болоод хуулийн талаасаа бараг эрх зүйн чадамжаа алдаж байгаа юм биш үү?

ИЗНН өнгөрсөн онд Их хурлаа зарлаж дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Сайндаа ч биш, Батбаатарын ах дүү, хамаатан садныхнаар дүүрсэн уг намын Улс төрийн зөвлөлийн гишүүд бүрдэхгүй болсон тул гишүүнчлэлээ цөөлж, дүрэмдээ хэд хэдэн өөрчлөлт хийхээс аргагүй давжаарсан. Гэвч Дээд шүүх эл дүрмийн өөрчлөлтийг нь бүртгэж аваагүй, дөрвөн ч удаа буцаасан мэдээ байна. Арга ч үгүй биз. Улс төрийн намуудын удирдах байгууллага аймаг сумдын оролцоог хангахын тулд голдуу 220-оос дээш гишүүнтэй байдаг. Гэтэл ИЗНН энэ шалгуурыг буулгаж, Улс төрийн зөвлөлөө 121 гишүүнтэй болгохоор зүтгэж байгаа юм. Энэ нь улсын хэмжээний үйл ажиллагаатай нам байж чадаагүй гэсэн үг.

Улс төрийн намуудын хуулиар дүрмээ бүртгүүлж чадалгүй хэдэн сар болсон тул өдгөө энэ нам эрх зүйн чадамжгүй, цаашилбал УИХ-д суудалтай байх үндэслэлгүй болж байна. Парламентад суудалтай нэг нам нь сонгогдсон дөрвөн гишүүнийхээ хамт ийнхүү хууль бус болчихоор Монголын парламент хууль ёсны байж чадах уу гэсэн асуулт гарч ирэх нь. Энэ мэт шалтгааны улмаас ИЗНН-ын гишүүд Батбаатарыг мөнгө санхүүгийн асуудлаар шалгуулахаар шүүх цагдаад хандаад зогссонгүй, Их хурлаа дахин зарлаж, байр сууриа баталгаажуулахаар шийджээ. Энэ талаар тус намаас сонгогдсон гишүүн Р.Батболд тодорхой тайлбар өгч, даргадаа хууль ёсны шаардлага тавьж байгаагаа мэдэгджээ. Гэтэл нөгөө талд нь Батбаатар бас хурал зарлаж байгаа гэх.

Ийнхүү өнөөдөр ИЗНН хоёр газар, хоёр өөр бүрэлдэхүүнтэй хуралдаж болзошгүй байдалд орсон аж. Батбаатараас намынхан нь санхүүгийн тайлан шаардаад ч бүтдэггүй, Байгал орчны яамныхан ажил албаны шийдвэр хүлээгээд ч урагшаа ахидаггүй… Яана даа, нам удирдаж чадахгүй байгаа хүн яамны ажил аваад явах уу? Тэгснээ 14 тэрбумын шонхор гадагшаа бэлэглэнэ ч гэх шиг, энэ хүн чинь нөгөө Цөлжилтийн олон улсын форум Монголд зохион байгуулж амжих юм уу?

Монголын төр ийм тараад ойччихсон баар сав шиг байхад монголчууд зарчимтай байгаад яах юм бэ? Энэ хүмүүс бол юун төрийн хэрэг, намын хэргээ явуулж чадахгүйдээ тулсан байна даа. Батбаатарын балгаар Байгал орчны салбар чинь нохойн замаар шогшоод, араас нь парламентын чадамж гулсаж байгаа юм биш үүү? Тэгж яривал удирдах төвшиндөө аймаг, сум болгоноос төлөөлөл багтааж чадаагүй намыг ямар нам гэдэг юм, зүгээр л хамтлаг шүү дээ.

Нийтлэлч Р.Эмүжин

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.