Хаврын чуулганаар Г.Занданшатарын зам мөр балартаж, улстөрд “хавсарга” эхлэх нь…

3 цагийн өмнө slider


Эрх баригч намын дотоод зөрчилдөөн савнаасаа хальж, засгаа хөмрөх янзтай болчихлоо. Тэгээд ч нэмэр дээр нэрмээс гэгчээр нөгөө талд хоёр дахь улстөрийн хүчнээс өнгөрөгч намрын чуулганы төгсгөлөөр Засгийн газрын үйл ажиллагаа шаардлага хангахгүй байна. Төрөө цомхон болгох ёстой, дэд сайд гэдэг данхайсан бүтцийг халж, Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг өргөн барина гэдгээ мэдэгдсэн. Одоогийн байдлаар Засгийн газрыг огцруулах санал өргөн барих босгоос дээш тооны гарын үзэг цуглуулсан гэдгийг АН-ын дарга О.Цогтгэрэл мэдэгдээд байгаа.

Тэр ч бүү хэл Г.Занданшатарын өөрийн кабинетийнхан засаг явцгүй болсныг дотооддоо шивнэлдэж яамныхан нь ажлаа цэгцлээд эхэлсэн гэх мэдээлэл бий.

Цаашлаад чуулганы нээлт хүлээсэн жагсагчдын цуваа, үгсэн хуйвалдах хүний өөрийн намын нөхдүүд гээд Төрийн ордны гадна, доторгүй өрнөх хөдөлгөөн өндрөө авч, сөрөг хүчнийхэн ирэх сонгуулийн сургаар амь орчихсон энэ үед Г.Занданшатараар тахил өргөх үү, хамгаалж үлдээд ганзага нийлэх үү гээд олон асуудал хөвөрнө.

Ер нь эдийн засгийн нөхцөл байдал ч таагүй, нүүрсний үнэ өсөх нь битгий хэл уруудаж мэдэхээр байгаа энэ үед Засгийн газрын тэргүүнийг торгоож үлдээх нь 2027 цаашлаад 2028 оны сонгуульд МАН-д нар мандахгүй байх магадлалыг өндөрсгөнө.

Н.Учралын урилга хийгээд цэвэрлэгээ ч нийгэмд эерэг гэхээсээ эсрэг дүр зургийг зураглаж байна. Хууччуулаа урьсан урилга нь Д.Амарбаясгалангаар туг тахиад намаа цэвэрлэчихнэ гэвэл эндүүрэл биз.

Найман жил эрх баригч намын гал тогоог ахалж, дөрвөн ч сонгуулийг удирдан ялалтад хүргэсэн Д.Амарбаясгаланг гантиг ордноос хөөж гаргаснаар МАН-ын нэр хүнд тэнгэрт тулж, ард түмэн алга хавсарна гэдэг лөөлөө.

Л.Оюун-Эрдэнэ ч хэрэгт холбогдсон гэх асуудлаар хууччуулаа тойргоос гаргаж, уулзах нь битгий хэл зүс ч танихааргүй нөхдийг цонхоор оруулж нам доторх байр сууриа бэхжүүлэх гээд бүтэлгүйтсэн бодит жишээ бий.

Д.Амарбаясгалангийн намд эзлэх байр суурь Н.Учралынхаас өргөн бөгөөд өндөр. Ууган улстөрийн намын сүүлийн он тооллууд, орж гарсан гишүүдийн цуваанд энэ хүний тусыг их, бага хэмжээгээр хүртэгсэд арвин. Одоогоор МАН-д Д.Амарбаясгалан шиг менежер бас холбогч алга. Энэ бол Д.Амарбаясгалангийн ил бас далд айдас.

Л.Оюун-Эрдэнийн хар дарсан зүүд ч Д.Амарбаясгалан байсан. Гантиг ордноос нь гаргаад ирвэл нам доторх байр сууриа бэхжүүлж чадна гэсэн хоосон тооцоолол нь улстөрийн карьеартаа цэг тавих холбоос болсон гэхэд ч хилсдэхгүй. Яг энэ алдааг Н.Учрал давтаж байна.

Өөрийн биш өрөөлийн хүчээр авсан эрх мэдэл, байр сууриа бататгах, цар хүрээгээ тэлэх гэсэн алсын зайн улстөр хийхээр зорьж байгаа мэт боловч айдсаа ялан дийлж чадахгүй хадны мангаа гэх үгэнд итгэсэн өрөвдөлтэй нэгэн ч л харагдаж байна.

У.Хүрэлсүх нам доторх одоогийн байр сууриа бататгаж, 2027 оны дараах улстөрийн түүхээ үргэжлүүлье гэвэл Д.Амарбаясгаланг ямар ч аргаар гантиг ордонд авчирч мэднэ. Тэр болтол хэн, хэрхэн барьц алдаж, үнэн төрхөө харуулах нь Ухнаагийн хүүд сонирхолтой дүрслэл ч байж мэдэх л юм.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.