Цаг агаарын тааламжгүй нөхцөлийн улмаас өнгөрсөн сард 28,000 орчим толгой мал хорогджээ

3 цагийн өмнө Uncategorized


Цаг агаарын тааламжгүй нөхцөлийн улмаас 2 дугаар сард 28,000 орчим толгой мал хорогдсоныг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Үүнээс: бэлчээр мөсжсөнөөс Өвөрхангайд 9,600 гаруй, цасан шуурганы улмаас Дундговьд 3200, Дорнодод 2600 гаруй; Сүхбаатарт 120, их хүйтэн, цаснаас Увсад 2600, Говь-Алтай, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Булган, Төв, Хөвсгөл, 100-900 толгой мал хорогдсон байна.

Цаг агаарын нөхцөлийн онцлог:

Өнгөрсөн арав хоногт агаарын температур төв, говь болон зүүн аймгуудын нутгаар дунджаас 1.1…1.3 градус дулаан, баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр -1.1…-8.7 градус хүйтэн бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим ба түүнээс бага орсон байна.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-28 м/с буюу аюултай үзэгдлийн, Дорноговийн Хөвсгөл, Говь-Алтайн Бугат, Өмнөговийн Цогт-Овоод 30-31 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна. Мөн Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Дундговийн ихэнх, Баян-Өлгий, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим нутгаар өдөртөө 0…13 градус дулаарч, цасан бүрхүүл хайлж багассан байна.

Малын бэлчээрлэлт цас болон хүйтрэлтийн улмаас Увсын Ховд, Сагил, Түргэн, Хяргас, Хөвсгөлийн Цагааннуур, Өвөрхангайн Баянгол, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Сант, Дорнодын Чулуунхороот сумдын нутгаар 8-10 хоногоор хүндэрсэн бол Ховдын Үенч, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Цагааннуур, Ерөө, Орхонтуул, Төвийн Угтаал, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Онгон, Дундговийн Адаацаг сумдын нутгаар 3-10 хоногоор саатсан байна. МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх, мал төллүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.