Нэгэн цагт хоолны хордлого нь хөл рүүгээ орж, олны нүдийг оройд нь гаргаж байсан Ерөнхий сайд өчигдөр мөн л хүний, өөрийн хамаг улс төрийн хүрээнийхнийг цочоож, балмагдуулсан нотой ноцтой мэдэгдэл хийж гэнэ. Тэрбээр хамтарсан засгийг тараавал “Би албан тушаалаа өгье” гэжээ.
Янз нь сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайдыг хүүгийнхээ хэрээс хэтэрсэн тансаглалын хөрөнгө зоорь, орлогоо нотлохыг шаардсан иргэдийн жагсаал өндрөө авч, түүнийг огцрохыг шаардан гарын үсэг цуглуулаад эхэлсэн билээ. Түүний хүү О.Тэмүүлэн өнөөдөр эх орондоо ирнэ. Тэрбээр Лондон хотод амьдардаг. Зүй нь түүний хөрөнгө, орлогоо тайлбарлаж мэдүүлэг өгөх хуулийн хугацаа энэ долоо хоногт дуусна. Иймд хуулийн хугацаандаа багтаж ирнэ гэдгээ өнгөрсөн баасан гарагт /2025.05.15/ АТГ-т мэдэгдсэн байдаг. Ийнхүү нэр бүхий иргэдийн гаргасан тус гомдлыг Авлигатай тэмцэх газар хүлээн авч, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлэн шалгаж буй юм.
Энэ мэтчилэн улс төрийн нөхцөл байдлаас болж МАН-ын бүлгийн хурал өчигдөр нэлээд ширүүхэн болсон сурагтай. Хурлаар намуудтай хамтарч засаг барьж байгаа нь зөв үү, буруу юу гэдгийг Удирдах зөвлөл, бүр цаашилбал, намынхаа Бага хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ. Тиймээс маргааш эрх баригч “толгой” намынхан VI Бага хурлаа хийж, эл асуудлыг эцэслэнэ.
Харин өчигдөр болсон намын бүлгийн хуралдааны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дуудан нэлээд хэдэн цаг хуралдаж, хамтарсан Засгийн газрыг огцруулах эсэх талаар хэлэлцсэн мэдээтэй. Ерөнхийлөгчийн зүгээс хамтарсан засгийг тарааж, дангаараа шинэ Засгийн газар байгуулах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн гэх. Гэвч Ерөнхий сайд хамтарсан засгийг тараавал “Би албан тушаалаа өгье” гэсэн сурагтай. Мөн эл өдөр Ардчилсан намын залуучууд намаа засгаас гар гэсэн шаардлагыг намынхаа дарга, УИХ дахь бүлгийн дарга нартаа гардуулсан.
Энэ бүхнээс харах нь ээ, баярхуу бацааныхаа балгаар эцэг нь ажилгүй, албан тушаал, эрх ямба горилсон дараагийн ээлжнийхэнд сайхан боломж гарч байх шиг. Ямартай ч хоёр талын намынхны шаардлагаар энэ удаагийн хамтарсан засаг тарах нь ердөө цаг хугацааны асуудал болж байна.
12 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
18 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
87779
31857
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.