УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2025.02.04/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага” сэдвээр УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” хэлэлцүүлгийн талаар УИХ-ын Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал нар мэдээлэл хийж, холбогдох шинжээчдийн дүгнэлтийг сонсож байгаа юм.
Хуралдааны үеэр ҮАГ-ын гүйцэтгэл нийцлийн дарга Д.Энхболдоос зарим зүйлийг тодруулсан юм.
Тэрбээр “Энэ асуудал дээр удаа дараа аудит хийж байгаа нь зөрчил илрүүлэхдээ гол нь биш. Учир нь агаарын бохирдлын асуудал нь олон салбарыг хамарч, нийгэмд үр нөлөөтэй чухал асуудал учраас тэр. Тухайлбал, энэ хүрээнд хүний эрх, эрүүл мэнд, эдийн засаг тухай хөндөгдөж байна. Тиймээс бид зөрчил ярихаасаа өмнө тогтолцооны ямар алдаа байна гэдэгт төвлөрч ажиллах ёстой. Тэгж байж бусад асуудал шийдэгдэх болно.
Олон удаагийн аудитын шалгалтын үр дүнд агаарын бохирдлыг бууруулах төрийн байгууллагуудын тогтвортой байдлын асуудал анхаарал татсан. Жишээ нь Орчны бохирдлын үндэсний хороог Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын дэргэд бүтэц, зохион байгуулалтыг нь янз бүрээр тогтворгүй байдалтайгаар авч явсан нь үйл ажиллагаа нь тарамдах нөхцөл бүрдэж. Тэр утгаараа төрийн албан хаагчдын тогтвортой ажиллах эрх үүрэг алдагдсан. Өөрөөр хэлбэл, 3-4 жил болоод л ажилтнууд нь солигдон асуудлыг мэдэх, мэдэхгүй хүмүүс ажилладаг нь энэ бүгдийн суурь хүчин зүйл болж байна.
Нөгөөтэйгүүр, агаарын бохирдолд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгө мөнгөний төлөвлөлтөд нэлээд анхаарал хандуулсан байх ёстой. Учир нь аудитороос олон улсын сайн жишгийг судлаад богино, дунд, урт хугацаанд улс орнууд ямар арга хэмжээ авч ажилладаг гээд улсын жилийн төлөвлөгөөнд төсөв суулгасныг холбогдох байгууллагууд уялдаатай авч явах ёстой байдал нь хангалтгүй байна гэж дүгнэсэн.
Түүнчлэн аудитын хүрээнд хамрагдсан тоо баримтуудыг нэгтгэж үзэхэд, 1.7 их наяд төгрөг байгаа. Үүнээс 1.3 их наяд төгрөгөөр “Тавантолгой түлш” үйлдвэр байгуулсан. Бусад хөрөнгийн зарцуулалт, задаргаанаас аль нь илүү үр дүнтэй байсан талаар аудитын дүгнэлт гарсан байгаа. Одоогоор аудит хийгдэж байна, ирэх зургадугаар сарын сүүлээр эцсийн дүгнэлтийг УИХ-д танилцуулах болно” гэлээ.
6 цагийн өмнө
8 цагийн өмнө
9 цагийн өмнө
9 цагийн өмнө
87522
31001
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.