УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг энэ сарын 6-нд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан манай хоёр улс газарзүйн хувьд алслагдмал хэдий ч ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг үнэт зүйл биднийг ойртуулж, харилцаа, хамтын ажиллагааны чухал тулгуур болж ирснийг онцлов. Европ дахь итгэлт түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай бүх салбарт идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, харилцааны түвшнийг ахиулахыг эрмэлздэг бөгөөд цаашид хоёр талын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх эрмэлзэл талуудын хүчин чармайлт, харилцан ойлголцол, хамтын ажиллагааны дүнд биеллээ олно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт Монгол Улсад 9 дэх удаагийн УИХ-ын сонгууль амжилттай явагдсанд баяр хүргээд, парламентад олон эмэгтэй гишүүд сонгогдож, шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах нь бодитоор хэрэгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр Монгол, Британийн харилцаанд Парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийн төлөө байна гэв. Түүнчлэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахад бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Талууд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд парламентын дэгийн асуудал, эмэгтэй улстөрчдийн манлайллын чиглэлээр харилцан санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.