Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцүүлгийн явцад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн тайлбар анхаарал татсан юм.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр өргөн барьж, нэн яаралтай горимоор хэлэлцүүлж байна. Засгийн газраас хуулийн төслийг өргөн барихдаа бүрэн бүрдлийг хангаж, кабинетийн зарчмаар ажиллах зарчмын дагуу өргөн баригдсан гэдгийг албан ёсоор хэлэх нь зүйтэй.
Уг хуулийн төсөл боловсруулагдаж байхад, төсөл боловсруулах ажлын хэсгийн хүрээнд Сангийн яамнаас 6.1.9, 6.2 дахь заалт зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Эдгээр заалтуудыг оруулж ирсэнээр ган зудын нөхцөл байдал, уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм гэдэг саналыг гаргасан.
Эхний удаад Хууль зүйн яам дэмжээгүй санал ирүүлсэн. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулгыг хийж, Ерөнхий сайд бүх танилцуулгыг сонсоод, яамдын саналыг тусгаад нэн яаралтай горимоор өргөн барих нь зүйтэй гэж алх цохьсон. Хурлын портокол болон бусад бүх зүйл хангаж байгаа. Б.Энхбаяр гишүүний хувьд, ковидын хууль хэрэгжиж байхад мөн адил заалт дээр эсрэг байр сууриа илэрхийлдэг байсан. Ерөнхий сайд кабинетын зарчмаар ажиллах ёстой гэдгийг 2 удаа сануулсан.
Хэрэв ийм асуудал үүссэн тохиолдолд Засгийн газар кабинетдаа ярилцаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж бодож байна. Би Ж.Батжаргал гишүүний хэлсэнтэй санал нэг байна. УИХ-ын дарга захирамж гаргаад, Байнгын хороо хэлэлцэх эсэхийг шийдээд, УИХ-аар хэлэлцэх эсэх нь шийдэгдээд явж байгаа гэдгийг сануулъя.
Сангийн сайд ч Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд энэ асуудлыг тодотгож хэлсэн. Сангийн яамны гаргасан байр суурь хатуу байгаа гэдгийг хэлье!” гэлээ.
Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр, Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
16 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.