Д.Эрдэнэбилэг өнөөдрийг хүртэл Монгол руу буцаж ирээгүй байна

2023-06-27 Мэдээ мэдээлэл


Яллагдагч Д.Эрдэнэбилэг нь хилээр гарсантай холбоотойгоор Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэдээлэл өглөө.

Мөн үеэр ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат “Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концесс, Хөтөлийн цеменл шохойн үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийн гол яллагдагч Должингийн Эрдэнэбилэг Монгол Улсаас гарч яваад одоо хүртэл орж ирээгүй байна. Энэ хэргийн яллагдагч оргон зайлсан байдалтай байгаа учир энэ хэвлэлийн бага хурлыг хийж байна.

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргааныг 2019 оноос, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Цемент шохойн үйлдвэртэй холбоотой маргааныг 2020 оноос эхлэн шалгаж байна. АТГ 2022 оны 12 дугаар сарын 18-нд тус хэргүүдийг прокурорт шилжүүлсэн. Гэтэл 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр өмгөөлөгч нь хүсэлт гаргасан. Д.Эрдэнэбилэгийг Сингапурт эмчлүүлэх шаардлагатай тул хилийн хоригийг нь цуцалж өгөх гэсэн агуулгатай хүсэлт өмгөөлөгч нь гаргасан. Харамсалтай нь энэ хүсэлтийг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох бидэнд огт мэдэгдээгүй. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх Сингапур руу 14 хоногийн хугацаагаар явах боломж олгосон. Нийт гурван тэрбум төгрөгийн барьцаа авсан. Улмаар энэ оны хоёрдугаар сарын 9-нд явсан Д.Эрдэнэбилэг өнөөдрийг хүртэл Монгол руу буцаж ирээгүй байна.

Яллагдагч явсны дараа, Сүхбаатар дүүргийн прокуророос хэргийг АТГ-руу ирүүлсэн. Үндэслэл нь хэргийн гол яллагдагч байхгүй учир хэргийг мөрдөн байцаалтад буцааж байна гэсэн. Өөрөөр хэлбэл, шүүх , прокурор өөрсдөө гаргаж явуулаад, хүн чинь байхгүй байна. Хэзээ уг хэрэг сэргэх нь тодорхойгүй болж байна.

Эрдэнэтийн 49 хувь дээр 4 их наядын хохирол, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 2.8 их наядын хохирол, Цемент шохой хөтөл дээр 300 тэрбумын хохиролтой нийт 7 их наядын хохиролтой хэргийн яллагдагчийг хилээр гаргаад явуулсан. Шүүх ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй гэж үзэж байгаа учир өнөөдөр бид АТГ-т гурван хүсэлт гаргаж байна. Нэгдүгээрт, энэ хэргийг шийдвэрлэсэн СБД-ийн Эрүүгийн хэргийн шүүгчийг шалгахыг шаардаж байна. Хоёрдугаарт, энэ хэрэг 21 холбогдогч, хоёр хуулийн этгээдтэй. Бусад 21 хүнтэй холбоотойгоор шүүх таслан сэргийлэх ямар арга хэмжээ авсан мэдээллийг өгөх шаардлагатай. Гуравдугаарт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Цемент шохой ХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хохирлууд үүсэж байна. Иймээс хохирол тооцож өгөх хүсэлтийг гаргаж байна.” гэв

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.