УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон уг хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эцэслэн баталлаа.
“Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2024 оны есдүгээр сарын 03-ны өдрийн хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон баталъя гэдэг томьёоллоор санал хураалт явуулахад нийт гишүүдийн олонх буюу 66.1 хувь нь дэмжсэнээр эцэслэн батлагдсан юм.
Монгол Улсад 2024 оны есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Путиний хийсэн албан айлчлалын үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” болон “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хэлэлцээрүүдийг байгуулсан.
“Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хэлэлцээрийн төсөлд нийлүүлэлтээс гадна татвар, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах зохих заалтууд тусгагдсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 81 дүгээр захирамжаар олгосон эрхийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Москва хотноо Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй тус протоколд гарын үсэг зуржээ.
Агаарын хөлгийн түлшний хангамж баталгаажиж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдэх юм байна. Олон улсын стандартад нийцсэн түлшийг дундын зуучлагчгүйгээр, зах зээлийн бодит үнээр шууд нийлүүлэх аж. Төрийн өмчит компаниуд хамтарсан компани байгуулж, нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг хариуцах юм байна.
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.