Онцгойхонд “ОНЦГОЙ” анхаарал хэрэгтэй байна, Шадар сайд аа

2026-05-29 Нийгэм

Өнөөдөр бид 21 дүгээр зуунд амьдарч байна. Гэвч өрх гэрээ гамшигаас урьдчилан сэргийлэх, аврах ажиллагаа явуулах, гал түймэр унтраах, иргэдийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй төрийн гол байгууллага нь өнгөрсөн зуунд үлдчихэж. Тэд өнөөдөр гал ус, байгалийн гамшиг, осол нуранги, зам тээврийн томоохон осол, цацраг аюулт бодис, эрэн хайх, аврах ажиллагаа гээд хүний амьдралд тохиолдож болох бүх зовлонд өргөсөн тангарагаа өмнөө барьж, халуун амиа үл хайхран нүцгэн гар, эр зоригоороо тэмцэж байна. Аврах ажиллагаа зөвхөн зориг, сэтгэлээр явахгүй. Тэдэнд өнөөдөр орчин үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ус агаар шиг хэрэгтэй байна…

Сүүлийн хоёрхон өдөрт гарсан бодит кейс Онцгойхонд дүн тавилаа. 20 давхарт гал гарахад л асуудал үүсэж байна. 30 метрийн гүнд хүүхэд унахад метр, хүрзнээс өөр хэрэгсэл алга. Хүний амь нас минут, секундээр хэмжигдэж байх онцгой, яаралтай үед орчин үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж юу ч алга. Өнөөх л шат ашиглах, хоолой чирэх, гал сөнөөгчид биеэр нэвтрэх, ухаж хүрздэх байдал хэвээр. Гэтэл дэлхийн бусад улс орнууд “өндөр барилгын тусгай систем” буюу дрон, робот, хүний биеийн дулаан мэдрэгч камер, мананжуулагч, нарийн ба гүн босоо нүхэнд хүн буулгах өргөгч систем, алсын удирдлагатай камер, мэдрэгч төхөөрөмж, хүчилтөрөгчийн хангамж бүхий аврах иж бүрэн тоноглол гэх мэт аврагчийг ч, хохирогчийг ч аюулгүй хамгаалах AI технологийг ашигладаг болсон. Гэтэл манайд энэ бүхэн сураг төдийхөн байдаг л гэж сонсож сууна.

Ой, хээрийн түймрийн үед ч ялгаагүй. Зориулалтын автомашин, хамгаалалтын хувцас, амьсгалын төхөөрөмж хүрэлцээгүй. Зарим орон нутагт олон жил ашигласан техник эвдрэлтэй, сэлбэг хэрэгсэл дутмаг байдаг нь аврах ажиллагааны хурдыг сааруулж, үй түмэн ой мод байгаль сүйдсээр байна. Түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчид зөвхөн ус шүршихээс гадна иргэдийг нүүлгэн шилжүүлэх, мал сүргийг хамгаалах, галын тархалтыг хязгаарлах зэрэг олон үүргийг зэрэг гүйцэтгэдэг. Үер усны аюул ч мөн адил хүнд сорилт болж байна. Хүчтэй борооны дараа айл өрхүүд усанд автах үед аврагчид мөсөн хүйтэн ус руу шумбан орж, иргэдийг авардаг. Гэвч уснаас аврах завь, зориулалтын хувцас, дулаан хадгалах хэрэгсэл хангалтгүйгээс алба хаагчдын аюулгүй байдал өөрөө эрсдэлд ордог. Зарим үед нутгийн иргэдийн сайн дурын тусламж, хувийн техник хэрэгсэлд хүртэл найдах тохиолдол их.

Нөгөө талаас ОБЕГ-ын алба хаагчдын хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгаа хангалттай биш тухай шүүмжлэл байнга гардаг. Гамшгийн голомтод ажиллах нь өндөр эрсдэлтэй хэдий ч цалин хангамж, ажиллах орчин нь энэ ачаалалтай харьцуулахад хангалтгүй хэвээр байна. Энэ нь чадварлаг боловсон хүчнийг тогтвортой ажиллуулахад ч сөргөөр нөлөөлдөг. Гэсэн хэдий ч онцгой байдлын алба хаагчид тангарагтаа үнэнчээр ажиллаж, иргэдийн төлөө амь бие үл хайрлан үүргээ гүйцэтгэсээр байна. Тэднийг ч гэсэн хайртай бүхэн нь амьсгаа дарж, залбирч хүлээж байгаа. Тэд бол гамшгийн үед хамгийн түрүүнд очиж, хамгийн сүүлд буцдаг хүмүүс…

Тиймээс зөвхөн алба хаагчдынхаа зүтгэлд найдаад өнгөрөх бус төр засаг техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, алба хаагчдын нийгмийн хамгаалалд бодит хөрөнгө оруулалт хийх цаг нь болжээ. Мөн гамшигтай тэмцэнэ гэдэг зөвхөн ОБЕГ-ын асуудал биш. Иргэн бүр гал түймэр, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байж, хариуцлагатай хандах хэрэгтэй. Харин эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй ажиллаж буй аврагчдаа “нүцгэн гараар” аюултай нүүр тулахад хүргэхгүй байх нь энэ төрийн үүрэг. Гэвч тэднийг техникгүйгээр ийм хүнд нөхцөлд ажиллахад хүргэж байгаа нь энэ засаг төрийн байж байгаа царай нь тэр гэлтэй. Хэзээ ч хөрөнгө мөнгө, сэтгэл харамлаж болохгүй туйлын төв цэг бол энэ салбар билээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.