СО ХЕСОН: Газрын ховор элементийн төслүүдэд ХУРД шаардлагатай

2023-04-25 Байгаль орчин

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сард БНСУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ, тус улсын дэвшилтэт технологиор тэргүүлэгч КТ( Korea Telecom) группийн удирдлагатай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан билээ. БНСУ-ын КТ группийн ОХУ болон Монгол Улсыг хариуцсан захирал Со Хесонийг Монгол Улсад хүрэлцэн ирэх үеэр уулзаж ярилцлаа.

-КТ( Korea Telecom) бол хиймэл дагуул, утасгүй сүлжээ, 5G, хиймэл оюун ухаан зэрэг орчин үеийн дэвшилтэт технологиор тэргүүлэгч групп. Группийн үйл ажиллагааны талаар Та уншигчдад танилцуулна уу?

-КТ бол Коrea Telecom-ийн товчилсон үг. 130 гаруй жилийн түүхтэй групп. Улсын мэдлээс хувийн компанид шилжиж хөгжөөд 20 гаруй жил болж байна. Утасгүй сүлжээ, 5G зэрэг телекоммуникэйшн чиглэлээр үйл ажиллагаа явуулдагаараа БНСУ-даа тэргүүлэгч. Түүнчлэн медиа, хөрөнгө оруулалт, банкны үйл ажиллагаа эрхэлдэг 49 охин компанитай.

-Танай групп дэлхийн хэдэн улсад салбар компанитай вэ?

-Дэлхийн 16 улсад 22 салбартай.

-Энэ оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ КТ групптэй хамтран ажиллах Түншлэлийн гэрээ байгуулсан. Үүний гол ач холбогдлыг Та хэрхэн харж дүгнэж байна вэ?

-Сүүлийн үед өрнөж байгаа олон улсын нөхцөл байдал, ялангуяа Украинд үүссэн тогтворгүй байдлаас үүдэлтэйгээр Монгол Улсыг БНСУ нэлээд чухалчилж байна. KT группийн хувьд хэдий хувийнх ч гэлээ Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдэд чухал үүрэг, оролцоотой ажилладаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзсан юм. Уулзалтын үеэр Монгол Улстай холбоотой ол он чиглэлийн бизнесийн талаар нээлттэй ярилцаж, үр дүнд нь энэ оны нэгдүгээр сард хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулан ажиллаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны хоёрдугаар сард БНСУ-д айлчлал хийхдээ хамгийн түрүүнд КТ-ийн төв байраар зочилж байлаа.

-Түншлэлийн гэрээний хүрээнд Монголоос олон төрлийн ашигт малтмалыг БНСУ-д экспортлохоор болж байна. Эдгээр ашигт малтмал дотор газрын ховор элемент байгаа нь сонирхол татаж байна л даа?

-Ерөнхийдөө БНСУ-д 30 төрлийн ашигт малтмал экспортлох асуудал яригдаж байна. КТ группийн хувьд анх Монгол Улстай хамтрах бизнест ашигт малтмал огт яригдаагүй байсан. Бидний гол зорилго бол Монголын Засгийн газрын дижитал шилжилтийг дэмжих, дата төв байгуулах болон банк, санхүүтэй холбоотой бизнес явуулахад чиглэж байлаа. Тухайн үед БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсыг газрын ховор металтай холбоотой чухал хамтрагч гэж тодорхойлсон юм.

Ингээд бид сайн харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, анх ярьсан бизнесийн хүрээгээ өргөжүүлэн ашигт малтмалын салбарт хамтарч ажиллах боломжтой гэж үзсэн. Бидний зорилго бол хөрөнгө оруулагчидтай харилцах, харин бизнесийн хувьд зөвхөн КТ гэлтгүй, БНСУ-ын Хьюндай зэрэг томоохон компаниудтай консорциум байгуулаад ажиллах төлөвлөгөөтэй.

-Энэхүү айлчлалын дараа “Моннис” групп “Korea Telecom”-той хамтарсан компани байгуулж, газрын ховор элементийн судалгаагаа явуулна. БНСУ-ын буцалтгүй тусламжаар Монголд Газрын ховор элементийн хамтарсан судалгааны төв байгуулагдана. Судалгааны ажил хэдийнээс эхлэх вэ?

-Газрын ховор элементийн судалгааны төвийг КТ групп гэхээсээ илүүтэй БНСУ-ын Гадаад хэргийн яам болон Уул уурхайн яам Монгол Улсад байгуулна гэсэн яриа өрнөж байгаа. Гэхдээ бид газрын ховор металын чиглэлээр “Моннис” групп, МНРИК-тай хэрхэн хамтарч ажиллахаа судалж байна. Манай үндсэн хамтрагч компани бол “Моннис”.

-“Рио Тинто” группийн дараа манай улсад хөрөнгө оруулахаар сонирхож буй томоохон компани бол БНСУын KT групп. Газрын ховор элементэд судалгаа хийж, хөрөнгө оруулалт хийснээр Монгол Улсын ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт сэргэнэ гэсэн итгэл, хүлээлт байна. Танд энэ талаар онцолж хэлэх зүйл юу байна вэ?

-БНСУ-ын Засгийн газраас ирээдүйн бизнес болох цахилгаан автомашин, хагас дамжуулагчийн гол орцыг тогтвортойгоор нийлүүлэх орнуудыг нэг нь Монгол Улс. КТ групп нь хэрэгжүүлэгчээс илүүтэй хөрөнгө оруулагчаар ажиллаж байна. Хөрөнгө оруулалтаа судлахын тулд бид хамгийн түрүүнд бизнесийн үйл ажиллагааны хүрээгээ гаргаж ирэх шаардлагатай. Олборлосон түүхий эдээ экспортлох, эсвэл Монголын Засгийн газраас тавьсан хүсэлтийн дагуу олборлосон түүхий эдээ боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ экспортлох хүртэлх бизнесийн хүрээг тодорхой болгох хэрэгтэй. Миний бодлоор, уул уурхайн баялгаа экспортлоод байвал Монгол Улс ашигт малтмалын түүхий эд экспортлогч хэвээр байх болно. Харин үйлдвэрлэл явуулбал газрын ховор элементийн салбарт Хятад улсын хэмжээнд очино. БНСУ-ын тухайд Монгол Улсыг хоёр дахь түвшинд буюу үйлдвэрлэл явуулах хүртэл нь хамтран ажиллана, дэмжинэ. Гэхдээ энэ асуудлыг зөвхөн БНСУ-ын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэнэ гэвэлл учир дутагдалтай. АНУ-ын хөрөнгө оруулалтыг ч мөн татаасай гэж би хувьдаа хүсч байна.

-Монгол Улс ирээдүйд ГХЭийн экспортлогч улс болох томоохон зорилт дэвшүүлж байгаа. Канадын PDAC олон улсын хайгуулч олборлогчдын чуулганаар энэ талаар хөрөнгө оруулагчдын дунд өргөн хүрээнд яригдсан. Монголын Улсын ГХЭ-ийн ирээдүйг та хэрхэн тодорхойлох вэ?

-Монгол Улс газрын ховор элементийн салбарт өндөр ач холбогдол өгч, шийдмэг урагштай хандах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд урт судалгаанд их цаг зарцуулсан юм болов уу гэж бодогдож байна. Газрын ховор элементийн бэлэн орд газар дээр судалгаа бүрэн хийгдэж дуусаагүй байна гэдэг удаашралтайн шинж. Монголын газар ховор металын бизнес дээр бусад улстай өрсөлдөхөд хурд чухал. Шударгаар хэлэхэд өнөөдөр дэлхий даяар экспорт хяналттай байгаа ийм үед Монгол Улс хүч түрэн гарч ирэх боломж бий.Орос, Хятадын дунд оршдгийн хувьд Монгол Улс хөршүүдтэйгээ харилцаагаа тогтвортой үргэлжлүүлж, АНУтай ч сайн харилцаатай байх нь чухал. Хэдий тийм ч газрын ховор элементийн салбарт Монгол Улс бусад улс орон, бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахаа богино хугацаанд шийдвэрлэх шаардлагатай. Чухамдаа газрын ховор элементийн төслүүдээ хугацаа алдалгүй урагшлуулах хэрэгтэй. АНУ-ын Засгийн газ р а а с хэрэгжүүлдэг Эрдэс баялгийн стратегийн түншлэл дээр Монгол Улс Орос, Хятадын байдлыг харалгүйгээр ажлуудаа хурдан эхлүүлэх хэрэгтэй болов уу.

-Манай улсын хувьд газрын ховор элементийн ордуудын газрын ховрын ислийн агуулга бага, дэд бүтэц сайн хөгжөөгүй зэрэг сул талуудтай. Мөн ордууд нь сайтар судлагдаагүй. Эдгээр сул талаа бид хэрхэн сайжруулах боломжтой вэ? Та энэ тал дээр бодлоосоо хуваалцана уу?

-Ховд аймагт оршдог газрын ховор элементийн Халзан Бүрэгтэй ордын хувьд бусад ижил төстэй ордуудтай харьцуулбал дэд бүтэц тийм ч хүндрэлтэй биш. Гэхдээ Халзан Бүрэгтэй орд болон Ховд хотыг холбосон дэд бүтцийн хувьд хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзэж байна. Халзан Бүрэгтэй ордын хувьд газрын ховор металын судалгааны байгууллага болгоноос хамаараад тоонууд нь өөр өөр гарч ирээд байна. Тиймээс бид энэ тал дээр өөрсдөө тусдаа судалгаа явуулах шаардлагатай. Ийм судалгааны ажлыг хурдавчилахын тулд БНСУ-ын буцалтгүй тусламжаар Газрын ховор элементийн хамтарсан судалгааны төвийг байгуулах юм.

-Манай ГХЭ-ийн төслүүд хайгуулын шатан дээрээ яваа. Цаашид маш их судалгаа шаардсан төслүүд байна. Эдгээр төслүүдийн хувьд нөөцийг нь баталгаажуулах болон цаашид хэрхэн боловсруулах тал дээр судалгаа нэлээд хэрэгтэй. Солонгос улсын зүгээс үүн дээр хэрхэн хамтран ажиллах бодолтой байгаа вэ?

-Судалгааг олон улсын итгэл хүлээсэн байгууллагуудаар хийлгэх төлөвлөгөөтэй. Газрын ховор элементийн ордод “Моннис” групп олборлолт явуулах байх. БНСУын LS групп боловсруулалт хийнэ. Тус групп нь Солонгостоо зэсийн олборлолтын боловсруулалтаар тэргүүлэгч. LS групп нь газрын ховор элементийн ордын баяжуулалт, боловсруулалтыг хариуцах сонирхолтой. Үүний дараагийн үйл ажиллагаан дээр БНСУ-ын Поско зэрэг томоохон компаниудтай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Монгол Улсад сүүлийн үед орон нутгийн ард иргэдийн үл ойлголцол ихсэх болсон. Үүнээс үүдээд шинэ төслүүд гацах, гадаадын хөрөнгө оруулагчид үргэх зэрэг асуудал байна. Үүнийг та юу гэж харж байна? Ямар саад бэрхшээлүүд байна вэ?

-Ховд аймагт хэрэгжиж байгаа уул уурхайн төслүүдийг орон нутаг эсэргүүцэж байна гэсэн яриаг сонсож байна. Тиймээс би Монголд үйл ажиллагаа явуулж байгаа тогтвортой хөгжлийг дэмжигч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж, санал бодлоо солилцох сонирхолтой. Уул уурхайн ийм томоохон төслүүдэд ногдуулдаг татвар Монголд арай өндөр. Тэгэхээр Засгийн газрын зүгээс тэрхүү татвараас орон нутгийн хөгжилд зарцуулбал оновчтой, ард иргэд уул уурхайн салбарын талаар зөв ойлголттой болох болов уу.

-Ярилцлагын төгсгөлд Та “Эрдэс баялгийн тойм” сонины орон нутаг дахь уншигчдад хандан онцолж хэлэх вэ?

-Маш өргөн нөөц боломжтой улс бол Монгол. Анх ирэхэд хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа анзаарагдсан. Газрын ховор металын хувьд зэс, лити зэрэгтэй харьцуулахад илүү дэвшилтэт технологи шаарддаг. Өөрөөр хэлбэл, газрын ховор металыг ашиглаж байгаа бүтээгдэхүүн нь өндөр түвшний технологи шаарддаг учраас үүнийгээ дагаад чанартай ажлын байр бий болно гэж үзэж байна. АНУ-ын цөл газруудад маш том үйлдвэрүүд байгуулагдсан. Монголын алс хөдөө нутаг ч ийм үйлдвэрт суурилсан хот бий болно гэж харж байна.

Г.Идэрхангай

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.