**УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг урьж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. Тэрбээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч юм.
-Эрүүгийн хуулийг өмнөх парламент 2015 онд баталсан. Гэтэл өдгөө эл хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өнөөдөр эхний хэлэлцүүлгийг хийлээ. Уг нь хуульд зорчих эрхийг хязгаарлахтай холбоотой нэмэлт өөрчлөлт л оруулж байгаа гэж ойлгож байсан АН-ынхан хуулийн төслийг хараад “шоконд” орж байгаа бололтой. Үүнд ажлын хэсгийн ахлагчийн хувьд ямар тайлбар хийх вэ?
-Эрүүгийн хууль гэдэг эрүүгийн эрх зүйн үндсэн эх сурвалж. Энэ хуулиар юуг гэмт хэрэгт тооцох уу, ямар гэмт хэрэгт ямар төрлийн ял оногдуулах уу гэсэн харилцааг зохицуулдаг. Эрүүгийн эрх зүйн онол талаас гэмт хэрэг хэлбэрийн болон материаллыг бүрэлдэхүүнтэй гэсэн хоёр үндсэн төрлөөс бүтдэг. Өмнөх хууль тогтоогчийн шинэчлэн найруулж баталсан хууль нь энэ шинжийг алдагдуулсан байсан. Өөрөөр хэлбэл, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэдэг бодит хор уршиг шаардалгүйгээр үйлдэл хийгдсэнээр төгссөнд тооцогддог. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хууль тогтоомжид заасан гэм буруутай, санаатай үйлдэл, эс үйлдэхүйг хэлдэг. Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь заавал тодорхой төрлийн хор уршиг учирсан байж тэр гэмт хэргийн бүрдэл хангагддаг. Энэ үндсэн шинж алдагдсан байсан.
-Тухайлбал, ямар хэргүүд дээр..?
-Ялангуяа өмчлөх эрхийн гэмт хэргүүд дээр. Тухайлбал, нийт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 55 орчим хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Хууль тогтоогчийн анхны үзэл баримтлалаар батлагдсан хувилбараар нэг төгрөгийн хохиролтой байхад л хулгайн гэмт хэргийн бүрэлдэхүүн бүрэлдэж, шүүхээр ял шийтгүүлэх ийм нөхцөлийг бүрдүүлсэн байсан.
-Нэмэлт өөрчлөлтөөр хохирлын хэмжээнд босго тавьж нэмэгдүүлсэн байсан нь үүнтэй холбоотой гэж үү?
-Ийм учраас бид тодорхой хэмжээний бодит хор уршиг, хохирлын босго тавьсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхүйц хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн журмаар хулгайн гэмт хэрэгт тооцно. Түүнээс биш хавтгайруулж, хүн болгонд долоон хоногийн хорих ял өгдөг шоронжуулах бодлогоос ангижирья. Ийм төрлийн үйлдэл тохиолдлуудыг зөрчил гэж үзье. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хор хохирол хулгайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн жижгээр хулгайлах гэмт гэж тодорхойлоод, түүнд заасны дагуу 7-30 хоног баривчлах, эсвэл хуульд заасан бусад шийтгэлийн арга хэмжээг оногдуулдаг больё. Эрүүгийн гэмт хэрэг гэдэг нь нийгмийн хор аюул эрсдэлтэй, нийгэмд учруулсан хор хохирол ихтэй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг л гэмт хэрэг гэж тооцьё гэдэг ойлголтыг нэмэлт өөрчлөлтөөр бий болгож байгаа юм.
-Хорих ялын доод хэмжээ зургаан сар байхаар зохицуулалт тусгагдсан байсан. Тэгвэл дээд хэмжээ нь бүх насаар нь хорих уу?
-Хорих ялын доод хэмжээ зургаан сар байхаар өөрчилсөн. Харин дээд хэмжээ 20 жил байх хуулийн зохицуулалттай.
-Цаазаар авах ял энэ хуулиар халагдаж байгаа. Тийм биз?
-Цаазаар авах ял энэ хуулиар халагдсан. Цаазаар авах ялыг халсан шалтгаан нь өмнөх үеийн парламентын хууль тогтоогчид олон улсын байгууллагуудын өмнө үүрэг хүлээсэн юм билээ. Үүнийхээ дагуу цаазаар авах ялыг халсан байдлаар оруулж ирсэн. Үүнийг энэ хэвээр нь үлдээж байгаа.
-Гэхдээ цаазаар авах ялыг халах цаг нь мөн үү, биш үү гэдэг дээр асуудал бас яригдах учиртай юм шиг?
-1966 оны Иргэний эрх зүйн тухай фактын нэмэлт протоколд 2012 онд Монгол Улс нэгдэн орсон. Нэгдэн орсон үүргээрээ хамгийн түрүүнд батлан гаргах Эрүүгийн хуульдаа цаазаар авах ялыг халах үүрэг хүлээсэн. Олон улсын өмнө хүлээсэн энэхүү үүргээ биелүүлж, цаазаар авах ялын оронд бүх насаар нь хорих ялын цоо шинэ төрлийг тусгасан байгаа.
-Мал хулгайлсан хүнд оногдуулах ял хүн хулгайлсан этгээдэд оногдуулж байгаа ялтай адил. Зарим үед хүн хулгайлсанд нь хөнгөн ял оногдуулах тохиолдол ч бий гэлцэх. Энэ төрлийн зохицуулалтыг нэмэлт өөрчлөлтөөр тусгасан болов уу?
-Малын хулгайн гэмт хэргийн тухайд товчхон түүх өгүүлье. 2002 оны Эрүүгийн хууль батлагдахдаа Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлд эд зүйл хулгайлах гэмт хэрэг хуулиар тодорхойлогдсон. Төд удалгүй иргэний нийгмийн байгууллага хөдөө орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн шахалт шаардлага, төрийн бус байгууллагууд, малчдын санал хүсэлтээр 145.1 буюу нэмэлтээр мал хулгайлах гэмт хэрэг Эрүүгийн хуульд бие даасан байдлаар оруулж ирсэн. Сүүлд 2008 оны Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ зүйлийг хассан. Учир нь Эрүүгийн эрх зүйн онол талаас эд хөрөнгө нь эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хангадаг. Иймээс хүнийг хэрэгцээг хангах шинж чанартай юмсыг эд зүйлс гэж хууль зүйн нэр томьёонд байдаг. Адилхан эд зүйлийг мал адгуус, тэр дундаа бүр таван хошуу мал, тэжээвэр мал гэдгээр нь ялгамжтайгаар хуульчлаад өмнөх парламентын үед энэ нь батлагдсан. Одоо ч энэ хэвээрээ байгаа. Онолын хувьд хулгай бол хулгай. Одоогийн байдлаар малын хулгайн гэмт хэргийн ял шийтгэлийн бодлого ердийн хулгайн гэмт хэргээс илүү хатуу чанга. Хохирлын хэмжээ харьцангуй бага шаардаж эрүүгийн хэрэг үүсч байгаагаараа ялгаатай. Мал хулгайлах гэмт хэргийн хүний өмчлөх эрх, шууд обьектод халдлагын зүйл нь таван хошуу мал гэж тодорхойлж оруулж ирж байгаа.
-Хохирлоо барагдуулсан тохиолдолд ялыг хөнгөвчлөх эрх зүйн акт бий. Энэ зохицуулалт хэвээрээ хадгалагдаж байх шиг байсан. Гол нь хуулийн төсөл чуулган завсарлахаас өмнө батлагдаж амжих уу гэдэг асуулт байна. Хэрэв амжихгүй тохиолдолд дараагийн чуулган руу шилжинэ. Ингэж явсаар хэрэгжих хугацаанд өөрчлөлт орох юм биш байгаа гэх болгоомжлол. Шулуухан хэлэхэд, Эрүүгийн хуулийг эрх баригчид санаатайгаар “уяж” байна гэх шүүмжлэл цухалзах нь бий. Үүнд тодорхой хариулт өгөх болов уу?
-Бүх төрлийн гэмт хэрэг дээр хохирлоо барагдуулсан нь хуульд зааснаас хөнгөн ял бүрдүүлэх эрх зүйн боломжийг иргэдэд олгож байгаа. Би энэ Эрүүгийн хуулийг битгий улстөржөөсэй гэж боддог. Яагаад гэвэл Үндсэн хуулийн дараа орох Монгол Улс дахь хамгийн том хүчин чадалтай хууль. Дээр нь энэ хууль Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 560 орчим хуулийн хэрэгжих эсэхийг шийддэг хөшүүрэг нь. Хоёрт, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бүхий л эрх ашгийг гэмт халдлагаас хамгаалж байдаг төрийн буулга болсон том хууль. Тийм учраас энэ хууль дээр ямар нэгэн байдлаар улстөржих, популизм хийх хэрэггүй. Цэвэр эрүүгийн эрх зүйн онол практикийн асуудал, Монгол Улс дахь Эрүүгийн эрх зүйн уламжлал, Эрүүгийн хууль тогтоомжийн тогтсон хэрэглээ гэдэг хэдэн ийм шалгуур хүчин зүйлийг харж нэмэлт өөрчлөлтийг цэгцлэх үүднээс хандаж байна. Өнөөдөр холбогдох байнгын хороогоор эхний хэлэлцэх эсэхийг нь шийдэх болно.
-Хуульд нэмэлт өөрчлөлт оруулсанаар дээрдэх үү, дордох уу. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд эерэг хариулт өгөх болов уу. Гэхдээ..?
-Энэ хууль өмнөхөөсөө дордсон уу, дээрдсэн үү гэдгийг шүүмжлэх гэж байгаа бол эхлээд харьцуулсан судалгаа хэрэгтэй. Өмнө нь дийлэнх нь долоон хоногийн ялтай хэргүүд дээр ял оногдуулдаг байсан бол одоо тийм шаардлага байхгүй. Хэрэв долоон хоногийн хорих ял гэдэг энэ нэр томьёогоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллаад явбал жилд дунджаар хамгийн багадаа 35 мянгаас доошгүй хүн шүүхээр шийтгүүлж, ял эдлэнэ. Тийм учраас эдгээр хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст оногдуулах ял шийтгэлийн бодлогод харьцангуй өөрчлөлт оруулсан. Торгоё, зорчих эрхийг хязгаарлья, эсвэл нийтэд тустай ажил хийлгэе. Тухайлбал, нийтийн цас цэвэрлэх, суботник гэж ярьдаг нийтийн цэвэрлэгээний ажил хийлгэж болно. Магадгүй хадлан, тариалангийн ажил ч байж болох талтай. Янз бүрийн байдлаар нөгөө гэмт хэрэг, ял шийтгүүлсэн хүмүүсээр ажил хийлгэх нь эргээд улс оронд, цаашлаад ял шийтгүүлсэн хүмүүс хүмүүжих, хүмүүжлийн ажилд нь тустай гэж үзэж байгаа.
-Сэтгэцийн өвчтэй хүнд ял ногдуулах эрх зүйн орчныг нэмэлт өөрчлөлтөөр тусгасан гэж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Хуучин уламжлалт эрх зүйн зохицуулалт хэвээрээ байгаа. Хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хариуцлагад татаж болохгүй. Хэрэг хариуцах чадвартай үедээ гэмт хэрэг үйлдээд дараа нь хэрэг хариуцах чадваргүй болсон тохиолдолд эмнэлэгийн болон албадлагын чанартай арга хэмжээ авна. Нөхцөл байдал эргээд хэвийн болсон тохиолдолд ногдуулах ялыг ногдуулна. Түүнээс биш өмнөх эрх зүйн уламжлалаас өөрчлөгдсөн зүйл нэг ч байхгүй.
-Эрүүгийн эрх зүйн хариуцлага гэж том зүйл бий. Нэмэлт өөрчлөлтөөр тусгагдсан хамгийн том өөрчлөлтүүдийн нэг ч гэж нэрлэж болох байх. Өмнөх парламентынхны баталсан Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлагыг ор тас оруулаагүй байсан?
-АН-ыг эрх барьж байх үед батлагдсан Эрүүгийн хуульд эрүүгийн эрх зүйн хамгийн гол ойлголт болох эрүүгийн эрх зүйн хариуцлага гэдгийг бүр мөсөн хэрэглээгүй аваад хаячихсан. Зөвхөн гэмт хэрэг, ял гэсэн хоёр ойлголт энэ хуулийн үндсэн зохицуулалтаар явагдаж байсан. Эрүүгийн эрх зүйн хариуцлага гэдэг илүү өргөн хүрээтэй ойлголт. Нийгэмд аюултай, гэм буруутай эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт холбогдогч этгээд төр хоёрын хооронд эрүүгийн хариуцлагатай холбогдсон харилцаа үүсдэг. Энэ харилцаа хэдийд дуусгавар болдог уу гэвэл хорих ялаа биеэр эдэлж дууссаны хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа, мөн хорихоос өөр төрлийн ял эдэлснээс хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа энэ эрүүгийн эрх зүйн хариуцлага гэдэг ойлголт дуусгавар болдог. Хоёрт, онолоор эрүүгийн эрх зүйн хариуцлага дотроо ял, албадлагын арга хэмжээ гэсэн хоёр үндсэн төрөлтэй. Ял гэдэг нь дээр дурьдсанчлан хорих, торгох, эрх хасах, нийтэд тусгай ажил хийлгэх юм. Албадлагын гэдэг нь эмнэлгийн болон хүмүүнлэгийн чанартай арга хэмжээ авах юм.
-Хариуцлагын шинэ тодорхойлолт нэмэлт өөрчлөлтөөр тусгагдсан байсан. Мэдээж, хүлээлгэх ял шийтгэлийн бодлого ч тодорхой тусгагдсан болов уу. Түүнчлэн Эрүүгийн хууль танигдахаа больтлоо өөрчлөгдлөө гэх хандлага сөрөг хүчнийхнээс гарч байна?
-Эрүүгийн хуульд хариуцлага гэдэг ойлголтыг нэмэлт өөрчлөлтөөр зарчмын хувьд тусгасан. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно. Ийм шинэ тодорхойлолтыг оруулж ирсэн. Ял хариуцлагын төрлүүдээ энэ нэмэлт өөрчлөлтөөр тодорхой тусгасан. Мэдээж хэрэг энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай асуудал яригдаж байгаа учраас бүх зүйлд нь өөрчлөлт оруулсан гэх ойлголт байхгүй. Тэр үгийг ярьж байгаа хүмүүс эргэж бодох ёстой. Хэрэв бид 50-аас дээш хувийг хөндсөн бол энэ шинэчлэн найруулга болох байсан. Ийм учраас энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд нэмэлт өөрчлөлтийн асуудал орж ирж байгаа.
-Тэгвэл өмнөх үзэл баримтлал хадгалагдаж байгаа юу?
-Өмнөх үзэл баримтлалаас ямар санаанууд бий.
-АН-ынхныг засаглаж байхад батлагдсан Эрүүгийн хуульд ялтайд тооцох хугацааг дуусгавар болгох тухай заалт хаягдсан. Нэмэлт өөрчлөлтөөр энэ заалтыг эргүүлэн тусгаж байгаа тухай Хууль зүйн яамныхан онцолж байсан. Энэ заалтыг тусгаагүйгээр нийгэмд учирсан хор хохирлын талаар та дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх болов уу?
-Ялтай, ялгүй байдал гэдгийг өмнөх хуульд бүр мөсөн орхигдуулж бичсэн. Хэрэг үйлдэж, улмаар ялаа эдэлсний дараа тодорхой хугацаа өнгөрч байж ялгүйд тооцогддог. Иргэний улс төрийн эрхийг нь сэргээдэг ойлголт бий. Гэтэл энэ зохицуулалтыг Эрүүгийн хуулиар огт дурьдаагүй явчихсан. Дурьдаагүйгээс ямар сөрөг үр дагавар гарч байгаа вэ гэхээр цагдаагийн болон эрх бүхий байгууллагын гэмт хэргийн мэдээллийн санд тухайн хүний ял шийтгэгдсэн байдал нь насан туршид нь хадгалагдана. Жишээ нь, аль нэг Элчин сайдын яам ял шийтгэлтэйд тооцсон эсэх талаар тодорхойлолт авчирж өг гэхэд бага залуу насандаа алдсан, эндсэн зүйлийг төр ялгүйд тооцож өршөөх хугацааг энэ хуульд тавьж өгөөгүйгээс болж олон иргэний эрх сэргэхгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Ийм учраас бид өмнөх хууль тогтоогчийн үзэл баримтлалыг улам тодорхой болгож, эрүүгийн хариуцлагыг биеэр эдэлж дууссанаар тэр хүний эрх зүйн нөхцөлийг дордуулахгүй байх, бүх талын нөхцөл бүрдэнэ гэсэн ерөнхий томьёолол оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл, амьдралдаа нэг удаа алдсан, эндсэн хүмүүс бий. Энэ тохиолдолд ялаа биеэр эдэлсэн эсвэл албадлагын арга хэмжээгээр биеэр эдлээд дууссан тохиолдолд тэр хүнийг цагдаагийн байгууллагаас тодорхойлолт авах гээд очиход ялгүйд тооцсон, ял шийтгэлгүй гэсэн тодорхойлолт гарах суурь зарчмыг давхар тодорхойлж өгч байгаа юм.
-Албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагыг чангатгаж өгсөн. Тэр дундаа авлига, хээл хахуультай холбоотой заалтуудыг илүү нарийвчилж тусгаж өгсөн байдал ажиглагдаж байсан. Хувийн салбарынхны авлигын асуудал ч мөн тусгагдсан байсан?
-Өмнөх Эрүүгийн хуулиар 263.150 гэх зүйл ангиар тодорхой төрлүүдийн ялаар албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж байсан. Энэ удаагийн нэмэлтээр ял шийтгэлийг чангатгаж өгсөн. Авлигын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах, тэр дундаа эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах гэдэг гэмт хэргийг бүх илэрдэг үйлдлийг нь тодорхой болгосон. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн ял завшихгүй, хуулийн цоорхой хийдэл гаргахгүй байх асуудлыг тодорхой болгож ял шийтгэлийн бодлогыг чангатгасан. Хахууль авах, өгөх гэмт хэргийн илрэх хэлбэрүүдийг бас тодорхой хуульчилж өгсөн. Гадаад улсын төрийн байгууллага албан тушаалтныг хахуульдах асуудлыг ч мөн хуульчлан тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн фактууд байдаг юм билээ. Түүнчлэн хуулийн этгээдийн удирдлагууд буюу хувийн хэвшлийн салбарынхны авлига, хээл хахуулийн асуудлыг энд бас тодорхойлж өгч байгаа. Энэ чиглэлээр авлига албан тушаалтай тэмцэх материаллаг эрх зүйн орчин бол тодорхой хэмжээнд бүрдэж байгаа.
-Мөн шинэ төрлийн заалтууд бий гэж та хэлж байсан. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-Олон улсын Монгол Улсын нэгдэн орсон гэрээгээр хүлээсэн нэг үүрэг бий. Зарим төрлийн гэмт хэрэгт хуулийн этгээд ял ногдуулах шинэлэг зохицуулалт орж ирж байгаа. Тухайлбал, мансууруулах бодис үйлдвэрлэх, химийн хорт бодисын хаягдалтай холбоотой, байгаль орчны журмыг ноцтой зөрчиж, экологийн тэнцэл алдагдуулах, түүх соёлын дурсгалт зүйлийг устгаж гэмтээх, банк санхүүгийн систем дэх залилан, үнэт цаасны зах зээлд монополь байдал бий болгох, терроризмтой холбоотой гэхчлэн тодорхой төрлийн гэмт хэргүүд дээр хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх цоо шинэ зохицуулалтыг нэмэлт өөрчлөлтөөр тусгаж өгсөн.
-Хуулийн төсөлд зааснаар хууль хэрэгжих хугацаа ирэх долдугаар сарын 1. Гэхдээ энэ хугацаанд амжих болов уу. Эсвэл хуулийн хэрэгжих хугацаанд өөрчлөлт оруулах уу?
-Бид хэрэндээ л хичээж ажиллаж байна. Ажлын хэсэг нэлээн шахуу ажиллаж байгаа. Энэ хууль батлагдахтай зэрэгцэж Зөрчлийн хууль давхар хэлэлцэгдэнэ. Өөрөөр хэлбэл, уншигчдад энгийнээр тайлбарлавал жижигрүүлсэн эрүүгийн хууль гэж нэрлэж болно. Гэмт хэргээс арай бага гэм хор учруулсан 240 гаруй зөрчлийг Зөрчлийн тухай хуулиар нэгтгэн зохицуулж байгаа.
Л.НИНЖ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.