Нөөцийн махыг 457 цэгээр борлуулна

2023-03-10 Нийслэл

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа цаг үеийн асуудлаар болон хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар долоо хоног бүрийн баасан гарагт мэдээлэл өгч буй. Өнөөдрийн хувьд Хаврын их цэвэрлэгээний аян, нөөцийн мах худалдан борлуулах болон сурталчилгааны самбар, байгууламж буулгах ажлын талаар мэдээлэл өглөө.

Нийтийн тээврийн автобуснуудыг цэвэрлэж ариутгалаа

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зургаан 7 хоногийн турш үргэлжлэх Хаврын цэвэрлэгээний аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ бусад байгууллагатай хамтран зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд үйлчилгээнд явж буй автобуснуудын дотор, гадна угаалга, ариутгал, цэвэрлэгээг хийлээ.

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 буюу нийт 18 аж ахуйн нэгжийн үндсэн чиглэлийн 996 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг. Энэ долоо хоногт эдгээр байгууллагын 2078 автобусанд угаалга цэвэрлэгээ, ариутгал хийж, 188 автобусны суудлын бүрээсийг сольсон байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Нийтийн тээврийн ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага, стандартад заасны дагуу эдгээр байгууллага тээврийн хэрэгслээ үйлчилгээнд гаргахын өмнө дотор, гадна талыг угаалгаж, зорчигчдын суудал, түшлэг, бариул зэргийг арчиж, шаардлагатай тохиолдолд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх үүрэгтэй” хэмээлээ.

Мөн Хаврын цэвэрлэгээний аяны хүрээнд УБЗАА залуусын нэгдэлтэй хамтран МУБИС-ийн урд замын нүхэн гарцыг угаах ажлыг зохион байгуулсныг онцоллоо.

Өнгөрөгч долоо хоногийн хугацаанд айл өрх, аж ахуйн нэгж байгууллагаас гарсан 20,227 тонн хог хаягдлыг 914 машинаар 5000 удаагийн рейсээр тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэжээ. Ингэхдээ замын түгжрэл үүсгэхгүй, ачаалал нэмэхгүй байх үүднээс хог тээврийн байгууллагын 30 хувь нь шөнийн цагаар хог тээвэрлэлтийг хийж байгааг дурдав.

Түүнчлэн эзэнгүй нохой, муур устгалын ажлыг гүйцэтгэгч байгууллагууд төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж, энэ сарын 4-9-ний хооронд эзэнгүй нохой, муур устгах ажлыг зохион байгуулжээ. Одоогоор эзэнгүй, нохой муурын тоо толгойг хязгаарлахад галт зэвсэг ашиглаж байна. Цаашид унтуулах арга, үржил хязгаарлах ажилбар зэрэг боловсронгуй аргуудыг ашиглахаар судалгаа хийж байна.

Нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлнэ

Улаанбаатар хотод хийж буй бүтээн байгуулалт, мөн 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх шаардлагатайг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа онцолсон. Тэрбээр “Нийтийн бие засах газар 24 байдгаас 19 нь тогтмол ажиллаж байна. Энэ жилийн хувьд 10 байршилд нэмж шинээр байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс 24 цагаар нийтийн бие засах газрын үйлчилгээг иргэдэд хүргэх, үйлчилгээ эрхлэх, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллах сонгон шалгаруулалтыг зарласан тул хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцохыг урьж байна” гэсэн юм.

Нөөцийн махыг энэ сарын 15-наас борлуулж эхэлнэ

Энэ үеэр мөн нөөцийн махны борлуулалтын талаар мэдээлэл өгсөн юм.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж 7858.9 тонн махны нөөцийг бэлтгэсэн бөгөөд энэ сарын 15-наас нийслэлийн есөн дүүргийн 457 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхлэх юм. Үүнтэй холбогдуулан нөөцийн махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагаанд хяналт шалгалт хийж, худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангаад байна. Үнийн хувьд үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөг буюу зах зээлийн ханшаас 2000-3000 төгрөгөөр хямдаар борлуулах юм.

Стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг энэ сарын 1-нээс тавдугаар сарын 15-нд хоёр шаттай хийхээр дүүрэг бүрд эхлүүлээд буй. Энэ хүрээнд одоогийн байдлаар зөвшөөрөлгүй 428 байгууламжийг буулгаж, 1429 мэдэгдлийг хүргүүлээд байгаа юм.

Монголын cууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл цэвэрлэгээний аянд нэгдэв

УБЗАА-наас зохион байгуулж буй Хаврын цэвэрлэгээний аянд Монголын cууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл (МСӨХДЗ) нэгдэж байна.

МСӨХДЗ-ийн гүйцэтгэх захирал М.Галбаатар:

-МСӨХДЗ-өөс 2023 оныг СӨХ-ны эрх зүйн орчныг сайжруулах, мөн хүүхдэд таатай орчин бүрдүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд хийх эхний ажил маань Хаврын их цэвэрлэгээний аянтай уялдаж байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1600 гаруй СӨХ хүүхдийн тоглоомын талбайнуудад үзлэг, шалгалт хийсэн. Үүний дүнд нийслэлийн хэмжээнд 138 тоглоомын талбайд засвар, үйлчилгээ хийх шаардлагатайг тогтоогоод байна. Тэгэхээр эхний ээлжид бид нийтийн зориулалтын орон сууцны ойр орчимд байгаа хүүхдийн тоглоомын талбайг угаах ажлыг зохион байгуулна. Мөн хороолол, хотхон, байрны фасад, хашлага, хайсыг цэвэрлэх арга хэмжээг авна гэлээ.

Энэ үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Цаг агаар дулаарч, хөрсөн дээр нэмэх хэмтэй болохоор цэвэрлэгээний ажилд оролцох 100-140 хүнтэй иргэдийн бүлэг байгуулна. Ингэхдээ хагас цагаар буюу өдөрт таван цаг ажиллуулах тул иргэдийн бүлэгт ажиллах хүсэлтэй хүмүүс УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэст хандах боломжтой. Орчноо цэвэр байлгахад иргэдийг уриалан, нүхэн гарцыг угаасан залуус болон эзэмшил газар, байшин барилгынхаа фасадыг цэвэрлэсэн аж ахуйн нэгжид нийслэлийн удирдлагуудын нэрийн өмнөөс талархсанаа мөн илэрхийлье гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.