Д.Амарбаясгалан: 45,2 их наяд төгрөгийн борлуулалт хийж, татвараас 10 их наяд төгрөгийг татан төвлөрүүлсэн байна

2022-12-13 Засгийн газар

-1995 оноос хойш 336.4 сая тонн нүүрс экспортолж, 45,2 их наядын борлуулалт хийсэн-

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр цаг үеийн асуудлаар Төрийн ордонд хэвлэлийнхэнд хандаж, мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулахаар тогтсон. Мөн цаашид стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг судалж, танилцуулах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг би ахалж ажиллана. Тус ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа хийнэ.

Мөн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр ЗГХЭГ-ын Хууль зүйн газрын дарга Н.Мягмарыг томилоод байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д анх өнгөрөгч 10 дугаар сарын 14-нд Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноос бүх ажил эхэлсэн. 1995 оноос энэ оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 336.4 сая тонн нүүрс экспортолж, нийт дүнгээр нь авч үзвэл 45,2 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Татвараас 10 их наяд төгрөгийг татан төвлөрүүлсэн ба УИХ-ын гишүүн Т.Доржхандын олон нийтэд цацсан мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй байна.

Одоогийн байдлаар нүүрсний хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгээс өдөр бүр тогтмол мэдээлэл өгч буй. УИХ-ын зарим гишүүд зөрүүтэй мэдээлэл өгч байна. Иймд Төрийн ордны их танхимд өнөөдөр 15 цагаас нэгдсэн дүн мэдээг танилцуулна” гэв.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.