Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин хэлэлцүүлгийн эхэнд “Өнөөдрийг хүртэл бидний хэрэгжүүлж ирсэн бодлогын хүрээнд халамж хэт хавтгайрч, хөдөлмөрт бус халамжид дулдуйдсан нийгэм бий болох хандлага гүнзгийрч байгааг бид залруулахын тулд “Халамжаас-Хөдөлмөрт” бодлогыг санаачилсан. Цаашид нийгмийг бүхэлд нь хамарсан хөтөлбөр болгон хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг ирээдүй алсаа харж хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг шат шатандаа ойлгох ёстой” хэмээв.
Дашрамд мэдээлэхэд, 2021 оны байдлаар нийгмийн халамжийн зардал 2 их наяд төгрөгт хүрч энэхүү зардал нь төсвийн нийт зардлын 11.9 хувьд хүрээд байгаа аж. Түүнчлэн 2012 оноос хойш халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн тоо 555.5 мянгаас 2.5 сая болж 4.6 дахин нэмэгджээ. Хэдийгээр үүн дотор хүүхдийн мөнгөн тэтгэмж орсон гэж тайлбарладаг боловч нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ авч буй иргэний тоо 3.5 дахин, үүн дотор нийгмийн халамжийн тэтгэмж авч буй иргэний тоо 4.6 дахин, асаргааны тэтгэмж авч байгаа иргэний тоо 21.7 дахин, өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авагч 3.2-8.89 дахин нэмэгдээд байгаа аж.
Мөн энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ. Тэрбээр “Хөдөлмөрийн насны иргэн бүр ажил хөдөлмөр эрхэлж, улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, өрх гэрээ авч явах үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд нийгмийн олон төрлийн халамж олгож ирсэн. Зарим нь эзнээ олоогүй гэх шүүмжлэл ч дагуулсан. Бодит байдал ч үүнийг гэрчилж байгаа. Ажиллах хүчний хомсдол их байна. Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтыг эргэж харах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд олон талт ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн хөдөлмөрийн насны залуусаас гадна ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого шаардлагатай байна. Аливаа бодлого шийдвэр эдийн засагт эерэг нөлөө авчрах ёстой. Иймд бодлогын шинжилгээг оновчтой хийж, төслөө нийт иргэдээр хэлэлцүүлж гаргах шаардлагатай” гэдгийг онцлов. Түүнчлэн халамжаас хөдөлмөрт шилжих шинэчлэлийн шинэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэх олон шинэлэг санал санаачилга гарна гэдэгт итгэж байна гэв.
Дэлхийн банкнаас хийсэн “Ядуурлын дүр төрх-2020” судалгааны дүнгээр Монгол Улсын ядуурлын түвшин 2020 онд 27.8 хувь болж 2018 оны түвшингээс 0.6 пунктээр буурсан байна. Хэрэв Монгол Улсад КОВИД-19 цар тахал гараагүй бол ядуурлын түвшин 2020 онд 24.3 хувьд хүрч буурах байсныг судалгааны тайланд дурдсан байна. Бид ядуурлын түвшинг 2010-2014 онд 38.8-21.6 хувь болгож хурдтай бууруулж чадаж байсан улсын хувьд дээрх үзүүлэлт, үр дүн тун хангалтгүй байна. Бидний өмнө ядуурлыг бууруулахад чиглэсэн бодитой, үр дүнтэй бодлого, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болж байна. Салбар хариуцсан сайдын хувьд Төрийн албаны цалин хөлсний шинэчлэл, Тэтгэврийн шинэчлэл, Халамжаас- хөдөлмөрт шилжих зорилт, Хүн амын хөгжлийн бодлогод онцгой анхаарч, тодорхой үр дүн бүхий бодит ажлуудыг хийхээр баг хамт олноороо төвлөрөн ажиллаж байна” гэлээ.
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.