Эрээнд халдвар бүртгэгдсэн ч экспорт, импорт саатахгүй

2022-09-16 Гадаад харилцаа


Эрээн хотод өнгөрсөн наймдугаар сарын 20-ноос эхлэн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Замын-Үүдийн боомтын ачаа тээврийн эргэлт саарсан. Тэгвэл энэ сарын 12-ноос Эрээн хотын хэмжээнд Covid-19-ийн халдвар, тархалтын шинжилгээ хийж тус хотын дунд эрсдэлтэй гурван бүсээс бусад газрын хөл хориог цуцлах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээх шийдвэр гаргаад буй.

Хэдийгээр хөл хорио тавигдсан ч хил дээр хүлээгдэж буй ачаа барааны ариутгалаас шалтгаалж саатсан ачааг гаргахад тодорхой хугацаа хэрэгтэй гэжээ.

Тиймээс хил нээгдсэн даруйд тээвэрлэлт өмнөх шигээ хэвийн үргэлжилнэ гэж ойлгож болохгүй. Хүлээгдэж буй ачаа тээвэрлэлт зэргээс хамаарч хугацаанд тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгааг албаныхан мэдээлсэн байна. Мөн хориог цуцлах шийдвэртэй холбоотойгоор Эрээн хотын Шуурхай штабаас зохион байгуулалтын дараах арга хэмжээг авч байгаа юм. Тухайлбал:

-Хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх
-Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд долоо хоног нэгдсэн тусгаарлалтад байх
-Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад байх
-Бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурав хоногт хоёр удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
-Хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх гэжээ.

Бүх нийтийн шинжилгээг тогтмол хийх бөгөөд дахин хөл хорио, хязгаарлалт тогтоох болбол эрсдэлийг харгалзаж шийдвэр гаргах аж. Гэхдээ Эрээнд халдвар бүртгэгдсэн ч экспорт, импорт саатахгүй гэдгийг мөн Гадаад харилцааны яамнаас онцолсон билээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.