Автозамын түгжрэлийн буруутан хэн бэ?

1 цагийн өмнө slider

Үүнд ихэвчлэн жолооч нар бие биенээ, иргэд нь төр засгаа, төр засаг нь авто машины хэт өсөлтийг буруутгасан хариулт өгдөг.

Мэдээж, жолооч уулзвар руу дайрч орж гацаах, эгнээ байраа буруу эзлэх, явган зорчигчид зам тавьж өгөхгүй байх зэрэг дүрмийн бус үйлдлүүд замын нэвтрүүлэх чадварыг 20–30 хүртэлх хувиар бууруулдаг. Жижиг шүргэлцэл, осол гарахад замаа чөлөөлөхгүй цагдаа хүлээж зогсох нь бүтэн урсгалыг хаах шалтгаан болох нь бий.

Гэвч бодит байдал дээр ердөө 6 хувийн газар нутаг дээр нийт хүн амынхаа тал хувийг шахан суурьшуулсан хэт төвлөрлөөс үүдэлтэй. Их дээд сургуулиуд, яамд, томоохон худалдааны төвүүд, эмнэлгүүд бүгд хотын төвийн жижиг тойрог дотор байрладаг. Мөн зам, дэд бүтцээ тооцоолоогүй орон сууцны хорооллуудыг замбараагүй барьсан. Дээр нь автобусны тоо, чиглэл, соёл нь иргэдийн хэрэгцээг хангаж чаддаггүй. Автобус нь түгжрэл дундаа гацдаг тул иргэд цаг хугацаагаа хэмнэхийн тулд хувийн машинаас татгалздаггүй. Ингэснээр өнөөх “Машин ихэссэнээр улам түгжирдэг” гэсэн чөтгөрийн тойрогтоо живсэн хэвээр… Товчхондоо сүүлийн 30 жилийн турш хотоо алсын хараагүй төлөвлөж, явган хүн болон нийтийн тээвэрт биш, машинд зориулж хот барьсны гол үр дагавар гэж онцолж болохуйц.

Автозамын түгжрэлийг бууруулахын тулд төрөөс нэн тэргүүнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь дугаарын хязгаарлалт. 2012–2014 онд иргэдийн шүүмжлэлтэй тулгаран байж автомашины сүүлийн орноор хөдөлгөөнд оролцохыг хориглох түр журам хэрэгжүүлж байв. Гэтэл тэрхүү түр журам өдгөө амьдралын хэвшил, дагаж мөрдөх учиртай хууль болтлоо оршин тогтносон ч жолооч нарыг торгох “шалтаг”-аас хальсангүй.

Энэ хугацаанд замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх “Гудамж” төслийг хэрэгжүүлж, Чингис бондын хөрөнгө оруулалтаар нийт 30 орчим уулзварыг өргөтгөж, шинэчилсэн. Төслийн хүрээнд хотын авто замын шинэчлэлд зориулж улсын төсвөөс болон Чингис бондын хөрөнгөөс ойролцоогоор 76 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 110 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг.

2016–2020 онд замын түгжрэлийг уулзваруудыг түвшин тусгаарлах замаар шийдвэрлэхийг зорьж, Яармагийн шинэ гүүр ба Нарны гүүрний дагалдах замуудыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Яармагийн шинэ гүүр, Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцны ажлууд хийгдсэн. Санхүүжилт нь БНХАУ-ын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Замын цагдаагийн гүүрэнд 42.38 сая ам.доллар, Яармагийн гүүрний төсөлд 30.2 сая ам.долларыг зарцуулсан байдаг.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонсголонгийн гүүрэнд 5.8 сая ам.доллар, Баянзүрхийн гүүрэнд 5.3 сая ам.доллар зарцуулан шинэчилж, засварласан.

Нийтийн тээврийн парк шинэчлэлд анхаарч БНХАУ-ын “Yutong” үйлдвэрийн Евро-5 стандартын 600 гаруй шинэ автобусыг оруулж ирэхэд 165.5 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ нь өнөөх алдарт “цавчаа ногоо”-ны хэрэг. Засгийн газраас түгжрэлийг бууруулахад онцгойлон анхаарч улсын төсвөөс 420 тэрбум төгрөгийг төсөвлөх болсон гэхчлэн тоочиж болно. Хэдийгээр дээрх арга хэмжээнүүд нь тухайн үедээ замын нэвтрүүлэх чадварыг тодорхой хувиар нэмэгдүүлж байсан ч авто машины механик өсөлт болон хот төлөвлөлтийн алдагдлаас шалтгаалан түгжрэлийг бүрэн шийдэж чадаагүй. Үр дүн нь өдөрт амьдралынхаа 2.5 цагийг замын бөглөөс хийхэд зарцуулж, жилд дунджаар 35–45 хоног буюу бүтэн сар гаруй хугацааг автомашин дотроо өнгөрүүлж байна.

Импортоор орж ирэх автомашины тоог бууруулахад голлон анхаараасаа илүүтэй Улаанбаатар хотын замын сүлжээг өргөтгөх шаардлагатайг мэргэжлийнхэн онцолдог. Үе үеийн Засгийн газар, хотын удирдлагууд ч энэ чиглэлд анхаардаг ч улстөрийн тогтворгүй байдал, албан тушаалтнууд богино зайны карьеараасаа эмээж, гал унтраах байдлаар асуудалд хандсаар ирсний гор нь энэ.

Дэд бүтцийн дутагдалтай Улаанбаатарт гол замуудыг холбосон туслах замууд, урт хэвтээ тэнхлэгийн хурдны зам түгжрэлийг сааруулах ганц боломж хэмээн гадаад, дотоодын мэргэжилтнүүд онцолдог. Төмөр зам, гол хоёр нь хотыг дундуур нь хуваадаг ч тэдгээрийг давах гүүр, туннель хангалтгүй учраас цөөн хэдэн гарц дээр автомшины бөөгнөрөл үүсдэг.

Одоогоор эхлэл нь Туулын хурдны зам. Эхний төсөл амжилттай болвол цаашид дараа дараагийн алхам тавигдана. Баянзүрхийн товчооноос Сонгинохайрхан хүртэл хотыг хөндлөн туулахад одоогийн байдлаар түгжрэлээс хамаарч 1.5-аас 2 цаг зарцуулдаг бол 20-30 минутанд туулах боломж бий болно. Хэмнэсэн цагаа гэр бүлдээ зориулах, замын стрессээс үүдэлтэй эрүүл мэндийн асуудал буурах зэрэг амьдралын чанарын өөрчлөлтийг мэргэжлийнхэн тайлбарладаг.

Гол нь түгжрэл бол зүгээр нэг цаг алдалт биш, маш том санхүүгийн гарз гэдгийг хүн бүр ойлгох болсон. Шатахууны хэмнэлт, автомашины элэгдэл буурна. Хотын баруун болон зүүн чиглэлийн ачаа тээвэр хотын төв рүү орохгүйгээр шууд дамжин өнгөрөх тул бараа бүтээгдэхүүний тээврийн зардал, хугацаа багасаж, үнийн өсөлтийг тогтооход нөлөөлнө. Мөн хотын төвлөрлийг сааруулахаас гадна Туулын хурдны замыг дагасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өснө. Зам дагуу шинэ суурьшлын бүс, үйлчилгээний төвүүд бий болно гэхчлэн олон давуу талтай.

Байгаль экологийн талаасаа утаа буурах судалгааг ч эрүүл мэндийн салбарынхан онцолдог. Агаарын бохирдолд автомашины утаа ихээхэн хувь эзэлдэг, ялангуяа түгжрэх үед хорт хий илүү их ялгардаг. Машинууд зогсолтгүй, жигд хурдтай явснаар дутуу шаталт багасаж, агаарын бохирдол тодорхой хувиар буурах боломжтой аж.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.