Б.Жавхлан: ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төслөөр сөрөг хүчин улс төр хийж байна

Өчигдөр Улс төр


Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Жавхлан ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төслийн талаар дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Өмнө нь Засгийн газрын гишүүн байхдаа илэрхийлж байсан байр суурин дээрээ хэвээр байгаа. Үүнийг би сөрөг хүчний хийж байгаа улс төр гэж харж байна. Өөрөөр тайлбарлах тайлбар байхгүй. Ялангуяа Ж.Баярмаа гишүүний хувьд аливаа асуудлыг их нухдаг, нухацтай ханддаг хүн. Тэр ч утгаараа үүнийг боломжгүй гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа. Гэсэн хэдий ч сөрөг хүчнийхээ ажлыг хийж байна гэж харж байна. Сайн бол муу, муу бол сайн гэдэг нь сөрөг хүчний зарчим.

Түүнээс биш ХХОАТ-ыг хавтгайд нь нэг хувь болгоно гэдэг яагаад боломжгүй вэ гэдгийг хоёр зүйлээр тайлбарлая. Нэгдүгээрт, энэ нь нийгмийн орлогын тэгш бус байдлыг улам гааруулж, өөгшүүлнэ. Бид сүүлийн жилүүдэд, тухайлбал Ковид-19 цар тахлаас хойш эдийн засгийн өсөлтөө жил бүр хадгалж байна. Гэтэл энэ өсөлтийн үр өгөөж яагаад айл өрхүүдэд хүрэхгүй байна вэ гэдэг нь манай эдийн засгийн бүтэц өөрөө гажигтай байгаатай холбоотой. Эдийн засгийн өсөлт олон нийтэд жигд хүрэхгүй, харин нийгмийн маш цөөн хэсэгт төвлөрч байна. Ийм нөхцөлд энэ байдлыг улам өөгшүүлэх асуудал болно.

ХХОАТ нь төсвийн нийт орлогын 17-18 хувийг эзэлдэг. Энэ орлогын 70 хувийг ХХОАТ төлөгчдийн 13 хувь нь бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, өндөр орлоготой хэсэг нь 10 хувийн татвар төлөөд нийт ХХОАТ-ын орлогын 70 хувийг бүрдүүлж байна. Тэгэхээр тэр хэсгийн татварыг нэг хувь болговол төсвөөс буцаан олгох гэж байгаа зардлын дийлэнх нь мөн л тэр хэсэгт очно. Өөрөөр хэлбэл, нийгмийн 13 орчим хувьд л төвлөрнө гэсэн үг.

Хоёрдугаарт, энэ нь далд эдийн засгийг дэмжинэ. Нөгөө талдаа татвараа шударгаар төлөөд явж байгаа иргэдийг хохироох үр дагавартай” гэлээ.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.