Монголчууд аравдугаар сараас БНСУ-руу визгүй зорчино

2022-06-20 Гадаад харилцаа

Өмнөд Солонгос улсын засгийн газар зургадугаар сарын 1-нээс Чежү, Яньян нисэх онгоцны буудлуудаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Тус улсад нэвтэрч буй жуулчид Чежү арал дээр 30 хоног визгүй байх боломжтой. Түүнчлэн зорчихоосоо өмнө аялах зөвшөөрлөө цахимаар авсан тохиолдолд Чежү арлаас гадуур зорчих боломжтой юм.

Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар нэвтэрч буй Вьетнам, Филиппин, Индонез, Монгол зэрэг орны тав ба түүнээс дээш тооны жуулчид 15 хоног визгүй зорчих боломжтой болсон.

Тэгвэл энэ шийдвэр 2022 оны аравдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэх аж.

Дээрх шийдвэрт Монгол Улсын тав буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дараах шаардлага тавигдах аж.

-Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх,

-Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиакомпанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах,

-Covid-19 халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх,

-Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх,

-Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах зэрэг болно.

Энэхүү хөнгөлөлттэй нөхцлөөр Өмнөд Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн таван хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдана хэмээн БНСУ дахь ЭСЯ-наас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.