Эрх баригч намын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж, улс төрийн 16 хүчнийг нэгтгэж чадав. Үнэхээр Монгол Улсын “эцэг” хуульд гар дүрэх нь ард түмний захиалга мөн үү, эсвэл эрх баригчид ирэх сонгуулийн зам мөрөө засах алхам уу гээд түмэн өнгийн асуудал зүй ёсоор тавигдаж байна.
Яг өнөөдрийн байдлаар тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ямар нэгэн төслийг хэн нэгэн өргөн бариагүй ч асуудал аль хэдийн өндрөө аваад эхэлсэн. Тэр утгаараа ирэх намрын чуулганаар тус хуульд өөрчлөлт оруулах нь тодорхой боллоо. Нэг үгээр МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга болон УИХ-ын дарга нарын удаа дараа хийж буй мэдээллүүдээс шаардлагатай гэж үзэж буй нэмэлт өөрчлөлтүүдийн нэгдүгээрт сонгуулийн пропорциональ тогтолцоо, хоёрт УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, гуравт Ерөнхийлөгчийг парламенаас сонгодог болох асуудал яригдаж байна.
Харин энэ бүхний эцэст УИХ-ын гишүүд тойрогтоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ямар хүрээнд өөрчлөх, өөрчилж байгаагийн шалтгаан гээд олон асуудлыг тайлбарлахаар энэ долоо хоног хуралдаад тойрог руугаа “илгээлт” өвөртлөн явцгаах нь.
Тэгэхээр эдгээр өөрчлөлтийг эрх баригчид дараах өнцгөөр тайлбарлаж буй юм. Тодруулбал, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог оруулж ирснээр нэгдүгээрт сонгогчийн санал гээгдэх явдлыг засч залруулна. Сонгууль шударга болно гэсэн үг. Хоёрдугаарт нэг намын дарангуйллыг халж, парламентад олон намын төлөөлөл орж ирнэ гэж байгаа. Гуравт буюу хамгийн гол нь МАН-д яг одоо тулгамдаад байгаа “давхар дээлний” асуудал ч гэсэн шийдэгдээд явчих юм.
Нөгөөтэйгүүр, энэ хүрээнд хүний эрхийг Үндсэн хуулиар хамгаалах, Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, Хот, хөдөөгийн хөгжлийн дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Төрийн сүлдийг шинэчлэх гэсэн гол гол концепциудын хүрээнд өөрчлөлт хийх тухай олон асуудал хөндөгдөж байна.
Харин энэ бүх өөрчлөлтийн үр дүнд өнгөрсөн он жилүүдийн алдааг засч, ололтоо бэхжүүлэн, Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, аюулгүй байдал улам бүр баталгаажиж, ардчилсан төрийн дархлаа сайжирч, хүний эрх хамгаалагдсан, ард түмний засаглалд суурилсан, хөгжлийн шинэ боломж бий болгосон, хөгжил дэвшил хүн бүрд хүртээмжтэй сонгодог парламентын тогтолцоотой улс болно гэж эрх баригчид тодорхойлж буй.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.