ЗГ: МАХНЫ ЭКСПОРТЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД Ч ХАРИУЦЛАГА ТООЦНО

2022-06-8 Засгийн газар


Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах асуудлыг хэлэлцүүллээ. Ажлын хэсэг долоо хоногийн хугацаанд хүнсний үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл, иргэдтэй уулзахаас гадна, үйлдвэрлэл явуулж буй бодит нөхцөл байдалтай танилцсан. Урт хугацаанд хяналт сул байсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг цаашид цэгцэлж, нарийн зохицуулалттай болгоно гэлээ. Энэ талаар албаны хүмүүс дараах мэдээллийг өглөө. 

Шадар сайд С.АМАРСАЙХАН “Удаан хугацаанд асуудалтай явж ирсэн мах махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг цаашид нэг мөр цэгцлэх, хяналтын хатуу тогтолцоонд оруулж, нарийн зохицуулалттай болгох, мах, махан бүтээгдэхүүнийг төхөөрөхөөс эхлээд хэрэглэгчийн гарт хүртэл стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан байх зохицуулалтад богино хугацаанд оруулах шаардлага байна. Хоёрдугаарт, дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлохоор үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн эрүүл ахуйн шаардлагатай холбоотой асуудал олон байгаа учраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 31 ААН-ийн 16-гийнх нь тусгай зөвшөөрлийг цуцалж, хяналт шалгалт цаашид үргэлжилнэ. Мөн дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, нийлүүлэх экспортын үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зогсоож байна. Цаашид мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэх бүх үйл ажиллагааны стандартыг шинээр баталлаа. Энэ стандартын мөрдүүлэх ажил шуурхай эхэлнэ. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дулаан аргаар мах боловсруулах үйлдвэрүүдийг цаашид Улаанбаатар хотоос нэгдсэн зохион байгуулалттайгаар нүүлгэн шилжүүлнэ. Түүнчлэн махны асуудалтай холбогдуулан хяналт, шалгалт хийгээгүй ажлын хариуцлага алдсан СХД-ийн мэргэжлийн хяналтын газрын бүрэн бүрэлдэхүүнийг өөрчилж, НМХГ, МХЕГ-ын зарим албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцно. Монгол Улсад олон лабораториуд байдаг ч чадавх сул, уялдаа холбоо байхгүй тул үндэсний хэмжээний лабораторийн тогтолцоог бий болгох асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ” гэв.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН “Эмээлтэд эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа үйлдвэрүүд бий. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй үйлдвэрүүдээс болж тэдэнд иргэд эргэлзэж байна. Тиймээс үе шаттай зохицуулалт хийхээр болсон. Алба хаагчдын ажил үүрэг болоод ашиг сонирхлын зөрчлийн асуудлын тухайд хуулийн дагуу хариуцлага тооцно.

Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчдаас гадна экспортын зөвшөөрөл олгодог дүгнэлт гаргадаг мэргэжилтнүүдэд хариуцлага тооцож, ажлаас чөлөөлнө.

Мах экспортын зөвшөөрлийг монгол талаас өгдөггүй. Хятадтай хийсэн хэлэлцээрийн дагуу тусгай зөвшөөрлийг олгодог. Нийт мах бэлтгэх 32 үйлдвэрийн 17 нь гадаадын хөрөнгө оруулалттай. Эдгээрийн 16 нь стандартыг мөрдөж ажиллаагүй нь шалгалтаар тогтоогдсон. Махны задгай худалдааны эрүүл ахуйн нэгдсэн стандартыг батласнаар бүх асуудал цэгцэрч эхэлнэ. Мал эмнэлгийн мөшгих системийг ирэх оноос эхлэн нэвтрүүлнэ. Тэгэхлээр мах бэлтгэх ажилд замбараагүй байдал дахин үүсэхгүй гэсэн үг.

Монгол Улс зөвхөн хоёр хөрш рүү мах экспортолдоггүй. Бусад орон руу гаргадаг. Тиймээс ГХЯ болон холбогдох яам хамтран экспортын махны эрүүл ахуйд шаардлага тавина.Хүнсний аюулгүй байдал хүн амын эрүүл мэндтэй холбоотой асуудал. Иймд нэгдсэн стандарт шаардлагыг заавал биелүүлэх хэрэгтэй. Гол нь үүнийг хянах механизмыг мөн чангатгах нь шаардлага үүсээд байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.