Эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудлаар УИХ хяналтын сонсгол зохион байгууллаа

2021-12-15 Мэдээ мэдээлэл
Эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудлаар УИХ хяналтын сонсгол зохион байгуулж болно

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ нийгэмд төөрөгдөл үүсгэсэн, олон нийт үнэн зөв мэдээлэл авахыг хүссэн асуудлаар бүх талын төлөөллийг оролцуулан хяналтын сонсгол зохион байгуулдаг байхаар болсон юм. Үндсэн хуульд тусгасан энэхүү агуулгыг хуульчлахаар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцэж байгаа нь энэ.

Уг хуулийн төсөлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа асуудлаар хяналтын сонсгол явуулахыг хориглоно” гэсэн заалт байсныг хэлэлцүүлгийн явцад хасжээ. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд хууль тогтоох байгууллага оролцох нь зохимжгүй гэдэг үүднээс энэхүү заалтыг оруулаад байсан юм. Гэвч зарим асуудлыг эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг шалтгаанаар нуун дарагдуулах магадлалтай гэж үзсэн учраас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа асуудлаар хяналтын сонсгол явуулахыг хориглоно” гэсэн заалтыг хасжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.