Тусгай сургуулийн сурагчдын үдийн хоолны мөнгийг 2400 төгрөг болгов

2017-06-8 Засгийн газар

Ерөнхий боловсролын тусгай сургуульд суралцагчийн үдийн хоолны өдрийн зардлыг 2400 төгрөг болгож, энэ шийдвэрийг ирэх есдүгээр сарын нэгний өдрөөс дагаж мөрдөхөөр Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.

Хүүхдийг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг илчлэг, шим тэжээлтэй хоолоор хангах нь тэдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ амжилттай суралцахад нь хамгийн чухал дэмжлэг болно гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр хүүхдүүд хоногт авбал зохих хоол хүнсний хэрэгцээний 40-45 хувийг үдийн хоолоор авч байх боломж бүрдэж байна.

Засгийн газрын “Хоолны зардлын дундаж норматив батлах тухай” 2012 оны 106 дугаар тогтоолын дагуу тусгай сургуулийн бага ангийн сурагчдад өдөрт 600 төгрөгийн үдийн цай өгч байгаа юм.

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын харааны болон сонсголын бэрхшээлтэй тус бүр нэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дөрвөн тусгай сургуульд 1602 хүүхэд суралцаж байна. Сурагчдын үдийн хоолны зардал нь жилд 746 сая төгрөг болох бөгөөд энэ оны төсөвт хүндрэл учрахгүй юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.