Анхдугаар чуулган эхлээд даргалагчаа сонгож, нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэгийн төслийг хэлэлцэн батална. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгох бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүний таван орон тоонд 16 шүүгч, Сахилгын хорооны шүүгч гишүүний дөрвөн орон тоонд 10 шүүгч нэрээ дэвшүүлээд байна.
Нийт шүүгчийн чуулган шүүх эрх мэдлийн байгууллагын өөрөө удирдах дээд тогтолцоо бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийг шүүгчид дотроосоо шууд бие даан сонгосноор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шүүх өөрийн удирдлага, хариуцлагадаа дэвшил гаргах, шүүхийн бие даасан байдлыг хангахад чухал ач холбогдолтой.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулахаар, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт чуулганыг биечлэн зохион байгуулж болохоор заасан. Хуулийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүгчид чуулганд биечлэн оролцож байна. Чуулганаар мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн баталж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайланг сонсох юм.
Анхдугаар чуулганы нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэлэв.
Тэрбээр “Одоогоос 30 жилийн өмнө энэ танхимд монгол орны өнцөг булан бүрээс цугласан Ардын их хурлын депутатууд Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байв. Өнөөдөр Монгол Улсын шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй нийт шүүгчид Үндсэн хуулийн шинэ байгууллагыг эмхлэн байгуулах гэж байна. Энэ чуулганаар шүүхийн захиргааны байгууллага шүүгчийн төлөөллөө сонгоод зогсохгүй шүүх байгууллагын ололт амжилт, алдаа дутагдал, цаашдын зорилго зорилт шийдвэрлэх суудалд үнэлэлт дүгнэлт өгч олон талаас нь шүүн тунгаан ярилцана гэдэгт би итгэж байна.
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институт хүний эрхийн газраас 2020 оны эхээр гаргасан судалгаанд “Монгол Улсын шүүх эрх мэдлийн эрх зүйн зохицуулалт тогтолцоо зохион байгуулалтад өөрчлөлт хийж ирсэн боловч шүүхэд авлига улс төрд гүйцэтгэх эрх мэдлийн зүй бус нөлөөлөл орсоор байна. Шүүхийн бодит бие даасан байдал шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдарсан” гэж дүгнэсэн.
Түүнчлэн Монгол Улсын цөөнгүй эрдэмтэн судлаач дээрхтэй ижил дүгнэлтийг өгч байсан. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулан улмаар шүүх эрх мэдлийн хараат бус бие даасан байдлыг хангах зорилгоор 2021 онд УИХ Монгол Улсын шүүхийн тухай хуулийг батлан гаргасан. ШЕЗ , шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгож томилох үйл явц хуулийн хэрэгжилт өнгөрсөн хугацаанд гацаанд ороод байсан та бүхэн мэдэж байгаа.
Төрийн тэргүүний хувьд шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэх үүднээс эрх зүйн тодорхойгүй байдлыг эмхэлж цэгцлэн хуулийг нэг мөр хэрэгжих нөхцөлийг бүрдүүллээ. Харин Үндсэн хуульд оруулсан шүүх эрх мэдлийн талаарх нэмэлт өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэн амь оруулах түүхэн үүрэг хариуцлага та бүхэнд оногдож байна. Шүүх засаглал нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль дээдлэх шударга ёсыг бэхжүүлэх хууль тогтоох гүйцэтгэх засаглалтай энэ чацуу харилцан тэнцвэртэй ажиллах ардчилсан засаглалын нэг салаа мөчир нь билээ. Шүүх эрх мэдлийн гол тулгуур зарчим нь Үндсэн хуулийг дээдлэх ёсыг чанд дагаж мөрдөх юм. Гэтэл шүүх эрх мэдлийн нэр хүнд унаж олон нийт шүүхийн шударга байдалд эргэлзэж эхэлсэн нь эрх зүйт төрийн зарчим алдагдах ноцтой үр дагаварт хүргэх вий гэж төрийн тэргүүн миний бие сэтгэл зовниж байна.
Хүний хувь заяаны асуудлыг шийдэж зөв бурууг дэнсэлж үнэн зөвийг тогтоодог шүүгчид өөрсдөө хуулиа зөрчиж ёс зүйгүй авирлаж буй нь ард иргэдийн бухимдлыг төрүүлж хариуцлага тооцохыг биднээс шахаж шаардаж байна.
Чин шударгаар ажиллаж байгаа шүүгч, алба хаагчдын нэр төр зарим шүүгчийн гаргасан гэмт хэрэг, бусармаг үйлдлийн хар сүүдэрт дарагдаж байгаад харамсч байна. Шүүгч улс төр бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн улс орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүй. Шүүгч хэн нэгний дарамт шахалтаар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй. Төрд зүтгэж буй хэн ч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой гэж сайхан үг бий. Энэ үгийг шүүгч та бүхэн санаж яваарай.
Шүүх эрх мэдэл бол ядарсан нэгний найдах сүүлчийн зогсоол, задарсан нэгнийг засаглах монгол төрийн ташуур юм” гэлээ.