Нийслэл хотод гуравдугаар сарын 1-ний өдрөөс хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэн. Үүний дагуу PCR шинжилгээ өгсөн иргэд орон нутаг руу зорчих боломжтой болсон билээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Эмээлт, Баруун турууны шалган нэвтрүүлэх товчоодоор 876 тээврийн хэрэгслээр 2381 зорчигч хот руу нэвтэрч, 1095 тээврийн хэрэгслээр 2617 зорчигч хотоос гарсан байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх хоёр товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 35 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Хяналтын явцад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Мөн зөвшөөрөлтэй 152.55 тонн нүүрсийг есөн тээврийн хэрэгслээр зөөвөрлөжээ.
Сонгинохайрхан дүүргийн 62, 36, 67, 9 дугаар сургууль дээр иргэдээс PCR шинжилгээ авч байна. Өчигдрийн /2021.03.02/ байдлаар 1680 хүн шинжилгээнд хамрагджээ. Иргэд шинжилгээнд хамрагдахдаа ERUUL.GEREGE.MN сайтаас цаг авч өөрт ойр байгаа шинжилгээний цэгт очих боломжтой.
Мөн орон нутгийг зорих хүсэлтэй иргэд зайлшгүй шинжилгээнд хамрагдсан байх ёстой ба хамт яваа нэг гэр бүлийн гишүүдийн аль нэг нь PCR шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гишүүнээс шинжилгээ шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол тус тусдаа шинжилгээг өгөхийг шаардах юм. Шинжилгээний цэгүүд 09.00-17.00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.