МАН дүрмээ зөрчихөд хүрэв

2021-02-22 Нийтлэл

 

Монгол Улс хэдийгээр цар тахалтай байгаа ч холбогдох албадын мэдээлж буйгаар албан ёсоор бүртгэгдээд буй 130 гаруй голомтыг хяналтад оруулсан хэмээн мэдэгдэж байна. Тэр ч утгаараа энэ сарын 23-наас халдвар хамгааллын дэглэмээ бариад хэвийн амьдралдаа орно. Гэхдээ голомт гарсан газруудад, хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоох юм. Өөрөөр хэлбэл, ирэх зун болох Ерөнхийлөгчийн сонгууль болдогоороо болох нь. Тийм ч учраас эрх баригч намынхан ирэх сонгуулийн бэлтгэлээ базааж эхэллээ. Ер нь бол тус намын нэр дэвшигч хэдийнэ тодорч, сонгуульдах зам мөрөө бэлдээд эхэлсэн гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлээд байгаа.

Ямартай ч эрх баригч намынхан улс оронд үүсээд буй онцгой нөхцөл байдалд таарууллаа гэсэн гоё үгээр ирэх сарын 1, 2-ны өдрүүдэд товлоод байсан намын Их хурлаа хойшлуулав. Зүй нь өнгөрсөн баасан гаригт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын Их хурал, Ерөнхийлөгчийн сонгууль болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцсэн байна. Ер нь тус намын тухайд, ирэх сунгаанд хэнийг “сойх” нь тодорхой учраас ийнхүү Их хуралдаа ач холбогдол өгөөгүй бололтой.

Тэгэхээр холбогдох хуулийн дагуу намууд Бага хурлаа хуралдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах зохицуулалттай. Тиймээс эрх баригч намынхан ирэх гуравдугаар сард Бага хурлаа цахимаар хуралдуулж, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг итгэмжлэх юм. Гэхдээ энд олон жил дагаж, мөрдөж ирсэн намын дүрэм нь зөрчигдөхөд хүрч байна. Учир нь тус намын дүрэмд “УИХ-ын сонгуульд нам олонхи болсон тохиолдолд Намын дарга Ерөнхий сайд байна” гэж заасан байдаг. Тиймээс одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын дарга болох бөгөөд гуравдугаар сарын 1-нд товлосон Их хурлаар түүнийг намын дарга болгоно хэмээн хүлээж байсан. Гэвч Их хурал хойшилсон учраас Л.Оюун-Эрдэнэ намын дарга болохгүй, У.Хүрэлсүх намын дарга хэвээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болж байна. Учир нь, МАН-ын Их хурал Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болохоор товлосон учраас улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөнө гэсэн үг.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.