Баруун бүсийн сайжруулсан түлшний үйлдвэрийг Налайх руу нүүлгэнэ

2021-02-7 Нийслэл

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрчим Хүчний Сайд Н.Тавинбэх, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл нар өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтай танилцах үеэрээ тус үйлдвэрийг Налайхад шинээр ашиглалтад орсон үйлдвэр рүү нүүлгэх бэлтгэл хангах үүрэг өглөө. 
Тус компанийн захирал М.Ганбаатар албаныханд шахмал түлшний үйлдвэрлэл, түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ ямар байгаа талаар товч танилцуулав. Тэрбээр, “Монгол Улсын хатуу түлшний стандартад зааснаар Сайжруулсан шахмал түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ нэг бүхэл байх ёстой бол Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан сайн түлшинд агуулагдах хүхрийн агууламж 0,8-0,96 миллграмм буюу стандартад нийцэж байгаа” гэв. Үүнийг Хяналтын төрийн чиг үүрэг бүхий байгууллагууд хяналт тавин ажилладаг гэдгийг тодотгов.
Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын судалгаагаар агаар дахь хүхрийн 70 гаруй хувийг цахилгаан станц, 27-28 хувийг авто машин, уурын зуух, 7-8 хувийг гэр хорооллын айл өрхийн хэрэглээний түлшний шаталтаас үүдэлтэй болохыг тогтоожээ.
Ноднингийн байдлаар, Улаанбаатар хотод 6,6 сая тонн хатуу түлш буюу нүүрс орж иржээ. Үүний 6 сая тонн нь зөвхөн цахилгаан станцид хэрэглэж байгаа юм. Мөн өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 гаруй мянган авто машины 65 хувь нь 10-аас дээш жил ашигласан тээврийн хэрэгсэл байдаг аж. Энэ нь агаар дахь хүхрийн агууламжийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байгаа гэдгийг Салбарын сайд онцолж байлаа.
Шадар сайд С.Амарсайхан, “Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн байсныг олон нийт мартсан байна. Тэр цаг үеийг шийдвэрлэж, даван туулахын тулд баруун бүсийн үйлдвэрийг дэд бүтцээ дагаж энд байгуулсан. Өнөөдөр энэ үйлдвэр түүхэн үүргээ гүйцэтгэсэн байна. Гэхдээ нэг тодорхой зүйл нь орчны бохирдол үүсгэсэн байна. Тиймээс Налайхад барьсан шинэ үйлдвэрийн ажлыг жигдрүүлж, баруун бүсийн үйлдвэрийг 2021 оны гуравдугаар улиралд багтаан нүүлгэнэ. Бид өвлийн ид хүйтнийг даван тууллаа. Тиймээс нүүлгэх ажлыг ирэх лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулж, ажлын баг байгуулна. Харин танай хамт олон нүүх бэлтгэл ажлыг сайн зохион байгуулж, нүүх хүртэлх хугацаанд орчны бохирдлыг багасгах тал дээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй” гэв.
Ташрамд дурдахад, Сайжруулсан шахмал түлшний хоёрдахь үйлдвэрийг ноднин 12 дугаар сарын 8-нд Налайх дүүрэгт нээсэн юм. Үйлдвэрийн түүхий эд (коксжсон нүүрс) хүлээн авах, бутлах, шигших зэрэг үйлдвэрлэлийн процесс нь газар доор байршдаг учир орчинд сөргөөр нөлөөлөхгүй аж.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.