Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Covid-19 халдвар батлагдав

2021-02-1 Мэдээ мэдээлэл

 

 

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Covid-19 халдвар батлагджээ. Тус аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани өчигдөр /2021.01.31/ ээлж солилцох ажлыг зохион байгуулсан юм байна. Уурхай дээр Улаанбаатар, Дархан-Уул, Орхон болон бусад аймгаас ирсэн 534 ажилтан байсан. Тэднээс Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай ч сүүлийн хоёр жил Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд амьдардаг 27 настай эрэгтэйгээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан тул PCR шинжилгээг авсан аж. PCR шинжилгээний хариу өнгөрсөн шөнийн 02.00 цагт гарч, шинжилгээний хариу батлагджээ. Иймд Сэлэнгэ аймгийн Засаг дарга тэргүүтэй онцгой комиссын төлөөлөл газар дээр нь очиж ажиллахаар 04.00 цагт хөдөлсөн байна.

Энэхүү мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаныхан Эрүүл мэндийн яаманд байрлах Улсын онцгой комиссын шуурхай штабт өнөөдөр /2021.02.01/ажиллах үеэр Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Сэлэнгэ аймагт Covid-19 халдварын батлагдсан тохиолдол нийт 217 бүртгэгдэж, сүүлийн 41 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй байсан юм. Гэвч уурхайн ээлж солилцох үеэр халдварын нэг тохиолдол батлагдсан тул түүний ойрын болон хоёрдогч хавьтлуудын судалгааг хийж, ажиглалт хяналтад авчээ.

Засгийн газрын сайд нарыг Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллах үеэр албаныхан дараах мэдээллийг өглөө.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

-Цар тахлын үед Улсын онцгой комиссын шуурхай штаб өдөрт дунджаар буяны ажилтай холбоотой 25 өргөдөл, нэг сард 1300 гаруй өргөдөл хүлээн авдаг. Өчигдөр /2021.01.31/ 20.10 цагт БНСУ-аас 160 иргэнээ татан авч ирсэн. Гурван тусгаарлах байранд байрлуулсан. ХӨСҮТ-д дэмжлэг үзүүлж, хавьтал болсон иргэдийг тусгаарлах байр руу тээвэрлэдэг. Мөн иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлэх, тэр тусмаа ХӨСҮТ-ээс 14 хоногийн хугацаа дуусч, шинжилгээний хариу сөрөг гарч “Эдгээр хүмүүсийг гарга” гэдэг албан ёсны бичиг ирсний дараа гэрийн ажиглалтад шилжүүлдэг. Одоо ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдээд гарсан хүмүүс Эрүүл мэндийн хоёрдугаар төв дээр долоо болон түүнээс дээш хугацаатайгаар түр байрлаж байгаа. Тэндээс гарсан хүмүүсийг орон нутаг, нийслэлийн хороодод хүргэхдээ шууд гэрт нь хүргэж байгаа.

Нийслэлд 39 зочид буудлын 1900 өрөөнд иргэдийг тусгаарлаж байна

Анх Улаанбаатар хотын эргэн тойронд 250 орчим зочид буудал, амралтын газар, сувиллын газруудаар явж үзсэн. Шаардлага хангаж байгаа байрууд маш цөөн. Өнөөдөр нийслэлд 39 зочид буудлын 1900 өрөөг ашиглаж байгаа. Ингэхдээ нэг хүн нэг өрөө, нэг гэр бүл нэг өрөө зарчмаар тусгаарлаж байна. Хоёрдугаар сард гадаадаас иргэдээ татан авах тул дундын зай нь 14 хоног байхаар төлөвлөгөөгөө гаргасан. Тусгаарлах байранд тавигдаж буй олон шаардлага бий. Тусгаарлах байрны нэг хоногийн төлбөр 50 мянган төгрөг. Тэнд иргэд ус, цахилгаан ихээр хэрэглэдэг юм байна. Сүүлд Засгийн газар энэ зардлаас чөлөөлсөн учраас гарах зардал нь багассан. Тусгаарлах байрны багтаамж их чухал. Болж өгвөл 50 хүнээс дээш багтаамжтай буудалд байх шаардлагатай байдаг.

Мөн гал тогоотой байх шаардлага тавьдаг. Жишээлбэл, “Тоёоко Инн” зочид буудал цайны газаргүй учраас заримдаа нэг километр орчим газраас өдөрт гурван удаа хоол, цай зөөхөд Нийслэлийн цэргийн штабын хүчийг дайчилж ажилладаг. Эрүүл ахуйн шаардлага гэвэл өрөө бүр душтай байх ёстой болдог. Мөн түрээслэгчгүй байх шаардлага тавьдаг. Шинэ оны зааг дээр “Амар” зочид буудал дээр нэг батлагдсан тохиолдол илэрсэн. Бид шөнө тухайн иргэнийг тээвэрлэх ажиллагаа зохион байгуулахад дөрвөн эмч нэг өрөөнд байж, нэг душ ашиглаж байсан. Тийм учраас бусад гурван эмчээс вирус илэрсэн. Тиймээс бид энэ өрөөнд эмч нар, энэ өрөөнд онцгойгийн албаныхан тусгаарлагдана гэж ялгаж өгсөн.

ОБЕГ-ын дансанд 26.1 тэрбум төгрөг байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тусгаарлалтад 1630 хүн байгаагаас 1573 иргэн Монгол Улсын иргэн, 57 гадаадын иргэн юм. Нийслэлд 1529 хүн, орон нутагт 101 хүн тусгаарлалтад байна. Ачаа тээвэртэй холбоотой 6608 гомдлын дагуу ажилласан. Мөн 140 орчим хүний 153 сая төгрөгийн өр барагдуулах ажил үргэлжилж байна. Шүүхийн байгууллага ажиллаж байгаа. Онцгой байдлын ерөнхий газрын дансанд гадаадаас ирж байгаа иргэд тусгаарлалтын 14 хоногийн төлбөрөө тушаадаг. Нийт 27 тэрбум гаруй төгрөг энэ дансанд төвлөрч, буцаагаад тухайн аж ахуй нэгж, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг рүү нь шилжүүлдэг. Одоо 26.1 тэрбум төгрөг байгаа. Энэ дансан доторх мөнгийн Сангийн яамнаас хянадаг. Өөр зориулалтаар ашигладаггүй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.