Монгол Улс “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдлаа

2017-05-25 Засгийн газар

Хэвлэлийн бага хурал

Эдийн засгийн хямралыг даван туулах бодлогын хүрээнд Монголын Засгийн газраас Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах боллоо. Тодруулбал, ОУВС-гийн зөвлөл Монголын цагаар үүрээр буюу 04:00 цагт хуралдаж,  тус шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Монгол Улсын Сангийн яам болон ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер зэрэг албаны хүмүүс хамтран олон нийтэд мэдээлэл өгсөн юм.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” гурван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд  хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас олгох хөнгөлөлттэй зээлийн хүүг хөвөгч хүүгээр тооцох юм байна. Тодруулбал, хөнгөлөлттэй зээлийн хүү хоёр хувиас хэтрэхгүй байна. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 10 жил. Эргэн төлөлт тодорхой хуваарийн дагуу хийгдэх бөгөөд Монголд олгох 440 сая ам.доллараа нэг дор өгөхгүй гэдгийг ОУВС-гийн төлөөлөгчид хэлж байна.

36 сарын хугацаанд хэрэгжих дээрх хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах таатай нөхцөл үүсэж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцолсон удаатай. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк болон донор орнууд гурван тэрбум хүртэл ам.долларын төсвийн болон төслийн дэмжлэг үзүүлэхээ урьдчилсан байдлаар илэрхийлээд буй. Нийтдээ ирэх жилүүдэд 5.5 тэрбум ам.доллараар хэмжигдэх валютын урсгал Монголыг чиглэнэ. Эдийн засгийг тогтворжуулах “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсөв, мөнгөний бодлогыг чангатгаж, улмаар эдийн засгийн сахилга батыг сайжруулахаар зорьж байгаа гэв.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Эдийн засагт ногоон гэрэл ассан

Хурлын үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хөтөлбөрийн гол зорилго нь эдийн засгийг сайжруулах, сэргээх, төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн. Уг хөтөлбөрийн зорилтуудад нийцсэн төсвийн тодотгол УИХ-аар батглагдсан. Засгийн газар, Монголбанк хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсноос хойш Хөгжлийн банкны бондыг шийдвэрлэж, зээлжих зэрэглээл Caa1 тогтвортой болон сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг уналтаас өсөлт рүү шилжиж, эдийн засагт ногоон гэрэл ассан гэсэн үг” гэлээ.

Нэйл Сакер: Монголын ДНБ-тэй харьцуулахад энэ удаагийн хөтөлбөр харьцангуй томоохонд орно

Харин ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч​ Нэйл Сакер “Монгол Улс ОУВС-нд 1991 онд элссэн. ОУВС-нд нийт 181 гишүүн орон байдаг. Хөтөлбөрийн санхүүжилттэй холбоотой Монгол Улс бүс нутгийн бусад орнуудаас дэмжлэг авч чадсан нь уг хөтөлбөр батлагдахад чухал үүрэгтэй байлаа. Нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орно. Хувийн хэвшлийн санхүүжилт нэмэгдвэл зургаа тэрбум гаруй ам.долларын санхүүжилт юм. ОУВС-гийн үйл ажиллагааны түүхэнд Монгол Улсад хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөр ДНБ-тэй харьцуулахад хамгийн томдоо орж байна. Хөтөлбөрийн үндсэн зорилт нь эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, урт хугацаанд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход оршиж байгаа” гэв.

Түүнчлэн сүүлийн 15 жилд Монгол Улсын эдийн засагт ажиглагдсан өндөр өсөлт, огцом уналтын мөчлөгийг таслан зогсоох гэнэ. Цаашид Монголын эдийн засгийг тогтвортой 8 хувиар өсөх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой аж.

Засгийн газраас төсвийн алдагдлыг бууруулах нарийвчилсэн төлөвлөгөө гаргажээ. Товчхондоо, төсвийн алдагдлыг бууруулж байж өрийн дарамтаас салах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн Төсвийн зөвлөлийг байгуулж, татварын орчинд дүн шинжилгээ хийж, зардал нэмэгдүүлэхгүй байхаар төлөвлөжээ.

Хөтөлбөрийн дараагийн зорилго нь банкны системийг эрүүлжүүлэх, Монголбанкны хяналт шалгалтыг боловсронгуй болгох, засаглалыг бэхжүүлэх аж. Энэ бүх үйл ажиллагааны зорилго нь хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй, тогтвортой банкны системийг бий болгож эдийн засгийн өсөлтийг хангах юм байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

 -ОУВС-гийн хөтөлбөр зарим оронд амжилтгүй хэрэгжсэн байдаг. Амжилтгүй хэрэгжсэн орны жишээ дурдаж болох уу. Шалтгаан нь юу байв?

-Нэйл Сакер: Улс орон бүр өөр өөрсдийн онцлогоор хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. ОУВС-гийн зүгээс эдийн засагтай холбоотой бүх асуудлыг нарийн судалдаг. Иж бүрэн тусгалаа олсон байдаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад байнга үнэлгээ хийж явдаг. Үнэлгээ хийх болгондоо эдийн засагт хийж байгаа өөрчлөлтийг тусгаж, холбогдох өөрчлөлтийг оруулаад явдаг юм. Үнэлгээ хийсэн даруй нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой ОУВС-гаас зөвлөмж гаргадаг. Дэлхийн олон оронд хэрэгжсэн хөтөлбөрүүдийн тухайд Засгийн газрууд анх тохирсон ёсоороо хөтөлбөрийн бүрэн хэрэгжилтийг хангахгүй байсан. Монгол Улсыг бид өөдрөгөөр харж байгаа. Маш том зорилт дэвшүүлсэн ч хэрэгжүүлэх боломжтой. Сангийн яам, Монголбанкны зүгээс хүнд боловч зоримог шийдвэр гаргаад явна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хамгийн ойрын жишээ гэхэд энэ оны төсөвт тодотгол хийж, төсвийн алдагдал 17 хувьтай байсныг бууруулсан.

-Эхний ээлжийн 38.6 сая ам.долларыг юунд зарцуулах вэ?

ОУВС-гаас олгож байгаа ямар ч зээл төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд биш төлбөрийг тэнцвэржүүлэхэд зарцуулагддаг. Тиймээс эхний санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголбанкинд байршина.

-Арилжааны банкуудад активын үнэлгээ хийнэ гэсэн. Энэ хяналт, шалгалт явагдсан уу?

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг: 14 арилжааны банкинд үнэлгээ хийх компанийн тендер явагдаж байна. Зургаадугаар сарын дундуур сонголтын процессоо дуусгана. Үүнээс хойш хөндлөнгийн актив үнэлгээний мэргэжилтнүүдтэй хамт арилжааны банкууд дээр  ажиллана. Үнэлгээний үр дүн ирэх аравдугаар сарын сүүлээр гарна.

-Манай улсын эдийн засгийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч​ Нэйл Сакер: Монгол Улсын цаашдын ирээдүйн талаар бид өөдрөг бодолтой байгаа. Асар их баялагтай, эдийн засгаа солонгоруулах бусад нөөц байгаа учраас Засгийн газартай тохиролцсон энэ хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь чухал байна. Үүнтэй холбоотой ОУВС-гаас хийсэн томоохон тайлан байгаа. Удахгүй ОУВС-гийн вэб хуудаст тавих болно.

С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.