Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг захидал илгээжээ

2021-01-19 Мэдээ мэдээлэл

 

Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгод захидал илгээжээ. Тэрбээр захидалдаа “Үгээ хэлэх, тайлбар өгөх боломжгүй хүмүүсийг эрхэм дүү эх орноо 22 тэрбумын өрөнд унагаасан хүмүүс болгоод зарлачихлаа.

“Дубайн гэрээ” гэгчид чинь Монголын Засгийн газар болон Рио Тинто-гийн хүлээх үр өгөөжийн харьцааг 53:47 байна гээд анх удаа хоёр талаасаа хүлээн зөвшөөрч бичгээр үйлдсэн байгаа. “Дубайн гэрээ” гэж нэрлээд байгаа Санхүүжилтийн төлөвлөгөөний Ерөнхий зүйлийн 2.2-ын Б хэсэгт:

”Далд уурхайн ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу ОТ төслийн эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь 2010 оны ТЭЗҮ-д тооцсон тооцоололтой нийцэж байгаа ба үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нь Оюутолгой төсөл хэрэгжих хугацаанд төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авахыг цохон тэмдэглэж байна” гэсэн байгаа.

Энэ 53:47 хувийн үр өгөөжийн харьцуулсан бүх тооцооллыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд болох олон улсын хууль, санхүүгийн зөвлөх компаниуд Shearman Sterling, Comprador тухайн үеийн “Эрдэнэс Монгол” төрийн өмчийн компани хөрөнгө зарж төслийн нийт үргэлжлэх хугацаанд гаргуулсан.

Энэ үр өгөөжийн задаргааг орлого, татварынх нь нэр төрөл бүрээр нь гаргасан байгаа. Энэ тооцооллыг 2015 онд хоёр тал хүлээн зөвшөөрч Дубайд Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэ тооцоолол нууц биш. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг торны ард суулгасан болохоор ядаж тэр үед ажлын хэсэгт орж ажилласан Ч.Отгочулуутай уулзаад мэдээлэл авах хэрэгтэй.” хэмээн онцолжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.