“Б.Цэнддоо. Монгол; 11 үгээр” номын онцлох ишлэлээс…

2020-12-26 Амрах агшин
 

Монгол “хүн” яаж бүтсэн бэ?

“Өдрийн сонин”-д хагас жилийн турш цувралаар хүргэж байсан “Б.Цэнддоо. Монгол;11 үгээр” ном саяхан хэвлэгдлээ. Номын зохиогчийн хэлсэн “Онцлох ишлэлүүдийг” хүргэж байна. 

-Миний номны гол агуулга нь тухайн улсынх нь тухай гэхээсээ илүү хүнийх нь тухай, хүнийх нь тухай гэхээсээ илүү зан чанар, ёс суртлынх нь тухай, ёс суртлынх нь тухай гэхээсээ оюун санааны илүү үнэт зүйлс нь бүрэлдсэн ахуй орчны тухай өгүүлэхийг хичээсэн ном юм.

-Энэхүү бүтээл маань 11 сэдэвт хуваагдсан. “Одон орон таван үгээр”, “Математик 30 минутад”, “Хятад орныг 10 үгээр” гэхчлэнгээр хэлбэржүүлсэн ном зөндөө бий. Тийм зохиомжийг ашиглан 11 үгээр буюу тийм тооны сэдвээр өгүүлсэн зохиомж юм даа.

-Эл бүтээлд түүх, хэл, төр, хууль ёсны түүхийг голлон авч үзээгүй. Гэхдээ төрийг үзэх үзэл, хууль цаазанд хандах өнцөг нь яаж бүрэлдсэн тухай бий. Тухайлбал, Загасны тухай ярихдаа ийм сэлүүртэй, тийм тйим хайрстай гэж эхлэхийн оронд усыг нь авч үзээд, улмаар усанд амьдардаг учраас уушигний оронд заламгайтай байх учиртай гээд явсантай агаар нэг.

Чөлөөт ертөнцөд гурван бизнесийг шугамаар нь эзэмшин гурвууланг нь ажиллуулдаг бизнес байна. Болохгүй юм байхгүй. Уул уурхай малтангаа тариа ногоо тариад, бас хэвлэл мэдээлэл эзэмшээд явж болж байна.

-Шинжлэх ухаан-танин мэдэхүй, амьд байгалийн тухай номууд багахан өртөгтэй гардаг. Гэхдээ, дааж давшгүй өндөр үнэ тавьчихаад агуулахаа манаж сууснаас, хэр тааруу үнээр хэд гурвыг зарсан нь дээр гэдгийг зах зээл өөрөө сургаад өгдөг хорвоо хойно, номын үнэ наанатай цаанатай тогтоогддог.

-“Үндэсний үйлдвэрлэл” гэснээс энэ ойлголт явцуурсаар байгаад “Монгол хүн заавал худалдан авах үүрэгтэй. Өөр сонголт хийх эрхгүй” бараа бүтээгдэхүүн бий болохоо шахаж байна. Юү вэ, сүүлдээ “эх орондоо хайртай л юм бол гадаадын бүтээгдэхүүнээс татгалзаж миний барааг хэлсэн үнээр минь ав” гэж тулгахнээ янз нь. Ийм юм гэж юу байх вэ дээ.

-Зориуд хэлье, Социализмыг муулах гэж бичсэн юм биш. Харин Соцлагерть далан жил “суугаад” суллагдсан үндэстний араншин яаж эвдэрдгийг харуулах гэж хичээсэн.

-Тал нутагт эрх дураараа аялан байлдаж, нүүдэллэн аж төрж явсан монголчууд хуарангийн дэглэмээр, лагерлан хотшиж эхлээд ийм хугацаа өнгөрчээ. 1921 оны хувьсгал ч тэр, МАН ч тэр монгол эх орныхоо төлөө, монголчууд анх сэдэж хийсэн хувьсгал, үзэл санаа юм. Даанч үр дүн нь коминтерн, Зөвлөлт засагт завшигдан булаагдсан гэж хардаг. Монгол хүний сонголт гэхээсээ илүү хувь тавилангийн тулгалт байсан хэрэг. Энэ үйл явдлын үр дүнд малчин ардууд хотшин суурьшиж эхэлсэн ч нь үнэн боловч жам ёсны бус дэглэмд орсон. Гэр хороололд амьдарч байсан хүн шоронд орсныг орон сууцанд амьдарч эхэлсэн гэж үзэх ч хэцүү, үзэхгүй ч хэцүү, мөн үү? Тэр мэт.

-Түүхийг бахархан магтах, эсвэл муушаан жигших үзэл санаа нь үнэнийг гуйвуулахад хүргэдэг. Харамсалтай нь ХХ зуунд бидэнд олдсон түүхийн боловсрол нь дэглэмийнхээ үзэл сурталтай холилдсон. Магтдаг зүйлээсээ сүүдэр олохоос эмээдэг, муулдаг хэсгээсээ гэрэл харахаас дальдардаг болсон нь социалист дэглэмээс бидэнд үлдээсэн гамшигт өв.

-Түүхийн ухаан нь өнгөрсөн үед яг юу болсныг хэлэх ёстойгоос биш, зөвхөн гоёыг нь түүж ярих, эсвэл муухайг нь ялган харуулах учиргүй биз дээ. Харамсалтай нь, олон хүн өөрт нь зориулаад (өөрийг нь хуурах гэж) гуйвуулж өгсөн түүхээс бусдыг “гуйвсан түүх” гэж хэлбэрэлтгүй итгэсэн хэвээр яваа. Төөрөгдлөө мухар сүсэг болгосон тэд маань нүднийх нь боолтыг авах гэсэн хүнтэй өсөрхөхийг яана? Ёстой л “тавилан” юм даа.

-Жам ёсны дэвшлээр олддог эдгээр соёлын ололт нь хувьсгалт хүчирхийллийг зөвтгөх шалтгаан биш юм. Бод л доо, хүний өмчийг хураахгүй бол үсэг тогтоохгүй, лам нарыг алахгүй л бол шүдээ угаахгүй байсан явдал огоот үгүй. Үлгэрлэвээс, чамайг төрөх үед зуны эхэн сар гарч байсан бол чиний сайных огоот биш, харин чи эхийн хэвлийд намар оройхон олдсных биз дээ.

-Өнөөдөртөө сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлэх нэг арга бол өнгөрснөө магтах

-Чөлөөт зах зээлээс болж хулгайч гараад ирлээ гэдэг бол төгссөн сургуулийг нь ярихгүйгээр эзэмшсэн мэргэжлийг нь магтаад байгаатай адил.

-Номд  маань, хулгай луйврыг магтах, муушаахын оронд, сайн эрчүүд хэмээх малын хулгайч нарыг шүтсэн үзэл суртлын дор, хүний өмчийг булаан авдаг тогтоцыг шүтэж өссөн хүмүүс юу болж байгаа тухай л юм. Лагерийнх нь цоож гэнэт нээгдэн эрх чөлөө, зах зээлийн ертөнц рүү таран орсон “лагершсан” нүүдэлчид олдсон боломжийг юу гэж ойлгоо бол?

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.