ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн цагаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ГХЯ-наас энэ сард хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Арванхоёрдугаар сард нийт гурван дараагийн тусгай үүргийн нислэг хийхээр байсан. Тэгвэл УОК хуралдан Франкфурт хот руу нэмэлт нислэг хийхээр болсон. Арванхоёрдугаар сарын 20-н гартал том оврын онгоц ачааны тусгай захиалгатай байгаа учраас Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 16-нд Франкфурт руу жижиг оврын онгоцоор нислэг хийхээр байсан. Тиймээс иргэдийн тоог харгалзан үзээд нэмэлтээр энэ 17-нд Франкфурт руу нислэг үйлдэн иргэдээ татан авна.
Энэ сард эдгээр нислэгээр урьдчилсан байдлаар 720 гаруй иргэн эх орондоо ирнэ.
Аравнхёордугаар сард нислэгээр ирэх гадаадын 17 улсаас 100 орчим иргэн санхүүгийн хүндрэлтэй байгаагаа ЭСЯ, Консулын газруудад мэдэгдээд байсан. Энэ хүрээнд бид НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд 11 улсад байгаа 48 иргэнд нислэгийн тийз худалдан авч өгөх тусгаарлалтын байрны мөнгийг тус сангаас гаргах зохицуулалтыг энэ сардаа хийхээр төлөвлөж байгаа.
Агаарын замаар иргэдийг татан авах ажиллагаа цаашдаа ч үргэлжилнэ.
Монгол Улсаас гадаад руу зорчих хүсэлтэй тухайн улсад хөдөлмөрлөх, суралцах урт хугацааны визтэй иргэдэд зорчих боломжийг олгож байгаа. Энэ хүрээнд Япон улс руу явах 1200 иргэн байгаа. Эдгээр иргэдийг Токио руу хүргэх нислэгийг аравдугаар сараас хойш хийж байгаа.
12 сарын 20-нд Японоос иргэдээ авах, мөн Японоор дамжин АНУ, Австралиас буцах хүсэлтэй иргэдийг эх оронд нь ирүүлэх зохицуулалтыг хийж байгаа.
БНХАУ-д зорчих хүсэлтэй, ялангуяа хятад улсын иргэнтэй гэр бүл болсон иргэдийн асуудал байгаа. Өвөрмонголд дотоодын халдвар илрэн халдварын эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор манай улстай хиллэдэг хилийн боомтуудын халдвар хамгааллыг чангатгасан. Энэ асуудлын хүрээнд урд хөрш рүү явах иргэдийн асуудал хойшилж байгааг бидэнд хятадын талаар мэдэгдсэн.
БНСУ-аар транзит хийх хүсэлтэй иргэдийн өргөдөл ГХЯ-нд ирдэг. Энэ иргэдийн өргөдлийг бид МИАТ компанитай хамтран явах боломжтой чиглэлүүдэд нь судалгаа хийн болох чиглэлд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Энэ сарын 25-нд Сөүл рүү хийх нислэгээр гуравдагч орон руу зорчих хүсэлтэй иргэдийн мэдээллийг МИАТ компани нэгтгэн авч Солонгосын талтай дипломат шугамаар дамжин өнгөрөх зөвшөөрлийг авахаар төлөвлөж байгаа” гэв.