Нийслэлд хүнсний зах, худалдааны төв, ресторан, кафе, цайны газрууд, түргэн үйлчилгээний цэг,үсчин, хувцас захиалга засвар, гэр ахуйн тавилгын дэлгүүр, хими цэвэрлэгээ, авто засвар, авто угаалга зэрэг эдгээр байгууллагыг нийлүүлэхэд 6588 ААН-үүд бий.
Өнгөрсөн хугацаанд дээрх ААН-үүдийн зүгээс Нийслэлийн Засаг даргад халдвар хамгааллын дэглэм дор ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийлсээр иржээ. Улмаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан түр зөвлөлийн хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоосны улмаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг хадгалж өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ахуйн хэрэглээний барааны худалдаа, цайны газар, кафе, ресторан, үсчин, хувцас, гутал, цаг, гэр ахуйн модон эдлэл, цахилгаан барааны засвар үйлчилгээний газрууд, авто засвар, угаалга зэрэг 20 төрлийн үйлчилгээний газрыг эхний ээлжид нээх саналыг боловсруулсан.
Ийнхүү нийслэлийн эдийн засаг, бизнесийг дэмжих бодлого баримталж, хэд хэдэн салбар, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээх саналаа УОК-т хүргүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээс өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа ААН-үүд хэвийн ажиллана. Эцсийн шийдвэрийг УОК, Засгийн газар гаргах юм.
Үүнээс гадна хэдийгээр хайпермаркет, супермаркетуудад ахуйн хэрэглээний бараа зарж байгаа ч бага орлоготой иргэд худалдан авах чадваргүй байгаатай холбогдуулан хүнсний зах, худалдааны төвүүд доторх харьцангуй хямд, бөөний үнээр бүтээгдэхүүнээ зардаг ахуйн хэрэглээний барааны лангуунуудыг нээж ажиллуулах талаар иргэдээс ирүүлсэн олон тооны гомдол, хүсэлтийг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Дээрх үйлчилгээний газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлсний үндсэн дээр явуулах бөгөөд ингэснээр 30 мянга орчим иргэн ажлын байраар хангагдан, өрхийн орлого нэмэгдэх ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.
Дашрамд дурдахад, өчигдөр /2020.12.08/ Нийслэлийн удирдлагууд үйл ажиллагааг нь нээх саналд багтсан зарим авто болон дугуй засвар, кофе шоп, Pizza hut сүлжээ ресторан зэрэг үйлчилгээний ААН-ээр орсон байна. Тухайн ААН-үүдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмээ бариад, үйл ажиллагаагаа нээх саналтай байгаагаа илэрхийлсэн байна.