УРИАЛГА
Шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/ дэлхий даяар тархаж, цар тахлын хэмжээнд хүрч хүн төрөлхтөн хүнд сорилтыг даван туулж байна.
Цар тахал дэгдэх шинж тэмдэг илэрсэн цаг үеэс Монгол Улс шуурхай арга хэмжээ авч, иргэдээ хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. 2020 оны 01 дүгээр сараас эхлэн дэлхий дахинд тархсан коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл удаа дараа хуралдан 3 удаа зөвлөмж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг баталсан. Улсын их хурлаас коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлан гаргасан.
Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгыг тэргүүлэх чиглэл болгон өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна.
Монгол Улсын Засгийн газар дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг тухайн нөхцөл байдалд нийцүүлэн үе шаттайгаар сонгон хэрэгцүүлж, цар тахлын үед нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, цар тахлыг хохирол багатай даван туулахад шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд эмч, сувилагч, тусгай чиг үүргийн алба хаагчдынхаа хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөөр халдварын тархалтыг дотооддоо 10 сарын турш алдахгүй урьдчилан сэргийлж, халдварт өвчнөөр өвчилсөн олон зуун хүнийг эмчилж, эдгээж чадсан билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын төрөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үр дүнтэй гэж үнэлж, сайшаасан.
Коронавирусын цар тахлын хоёр дахь давалгаа Монгол Улсад нөлөөлж, дотооддоо цар тахлын халдвар алдсан нөхцөл байдал үүсээд байна. Монголчууд бидэнд илүү хариуцлагатай, сонор сэрэмжтэй, сахилга баттай байх цаг үе тулгарч байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай эрдэмтэн, эмч мэргэжилтнүүдээс өгч байгаа зөвлөмжийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэн эрүүл мэндээ хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бодит мэдээлэлд тулгуурлан үүсээд байгаа асуудалд хандах, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг нийт ард иргэддээ хандан уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.