Эрүүл мэндийн яамны ээлжит хуралдааны үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Бид одоо хил залгаа ОХУ-ын нутаг дэвсгэрийн тосгон, хотуудад онцгойлон анхаарах шаардлагатай байна. Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтуудад аюул эрсдэлийн судалгааг хийж дуусч байна. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод сэжигтэй гэсэн долоон тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан.
Увсын Боршоо мөн адил. Алтанбулаг боомтод Зам, тээвэр хөгжлийн сайдаар ахлуулсан Улсын онцгой комиссын Шуурхай штаб ажилласан. Нөхцөл байдал тун хүнд байна. Монгол орны цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор салхи хойноосоо салхилж байгаа учраас бидэнд бодох, тооцох, сэргийлэх ажил их байна. Энийг Улсын онцгой комисст танилцуулж, тодорхой шийдвэр гаргана. Алтанбулаг боомтоор ачаа тээвэр хийдэг иргэд аль болох галт тэргээр бараагаа зөөхгүй бол эрсдэл өндөр байна. Өндөр эрсдэлтэй байдал магадгүй аюул руу орж болзошгүй байгаа учраас цагдаагийн байгууллагаас тодорхой саналуудыг Улсын онцгой комисст танилцуулна. Мөн иргэдийн дунд дотооддоо халдвар алдсан байх вий гэдэг мэдээлэл байна. Одоогийн байдлаар тийм зүйл байхгүй. Бид хуулиар хүлээсэн үүрэгтэй. Алтанбулаг боомтод ажиллаж, амьдардаг иргэдийн судалгааг хийж эхэлсэн. Улсын хэмжээнд иргэдийн хөдөлгөөн төвлөрч, шилжилт хөдөлгөөн, нийтийг хамарсан арга хэмжээнд ач холбогдол өгч, анхаарах хэрэгтэй байна. Ухамсраараа амны хаалтаа заавал зүүх шаардлагатай” гэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.