Австри улсад суугаа Монгол иргэдийн анхааралд

2020-11-3 Мэдээ мэдээлэл

Ковид-19 цар тахалын халдварын тоо эрчимтэй өсч байгаатай холбогдуулан Холбооны Засгийн газраас өнгөрөгч сарын 31-ний өдөр халдварын дэгдэлтийг тогтоох зорилгоор хөдөлгөөний хязгаарлалт, бусад нэмэлт арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн талаар нийтэд танилцуулав. Хөдөлгөөний хязгаарлалт, нэмэлт арга хэмжээг өнөөдрөөс эхлэн энэ сарын 30-ныг дуустал мөрдөнө.

Тухайлбал,

1. Оройны 20:00 цагаас өглөөний 06:00 хүртэл гарах хөдөлгөөний хязгаарлалттай бөгөөд дараах нэн шаардлагатай тохиолдолд гэрээс гарахыг зөвшөөрнө. (2020.11.12-ныг дуустал мөрдөж, шаардлагатай тохиолдолд 11 дүгээр сарыг дуустал сунгана.)

• Хүний амь настай холбоотой, эсвэл эд хөрөнгө аюул, эрсдэлд орсон тохиолдолд,
• Гэр бүлийн хойшлуулах боломжгүй хэрэгцээ, үүрэг хариуцлагыг гүйцэлдүүлэх, хэн нэгэнд шаардлагатай асаргаа сувилгаа, дэмжлэг үзүүлэх шаардлагатай тохиолдолд,
• Өдөр тутмын амьдралын хэрэгцээг хангах зүйл дутагдалтай нөхцөлд, түүнийг шаардлагатай хэмжээнд бүрдүүлэх,
• Нэн шаардлагатай нарийн мэргэжлийн ажилтан үүрэгт ажлаа биелүүлэх шаардлага үүссэн тохиолдолд,
• Биеийн тамир, физологийн амралт хөдөлгөөн хийх, нохойтой болон нохойгүй гадаа гүйх, дасгал хийх,

2. Харилцан 1 метр зай барих дүрэм сахина. Нэг гэрт амьдардаггүй бол задгай гадаа талбайд харилцан 1 метр зай барих, дотор бол нэмэлтээр хүн бүр маск зүүх үүрэг хүлээнэ. Бага насны хүүхэд (6 хүртэл нас) маск зүүхгүй байж болно. Метро, автобус, автобусны буудал, онгоцны буудал зэрэг нийтийн тээврийн хэрэгсэлд масктай үйлчлүүлнэ. Такси болон автомашинаар зорчихдоо нэг гэрт хамт амьдардаггүй бол нэг эгнээнд 2-оос илүү зорчигч сууж болохгүй. Тусгай хэрэгцээт иргэдийн тээвэр, хүүхдийн цэцэрлэгийн автобусанд энэ дүрмийг мөрдөхгүй.

3. Хуримын үйл ажиллагааг хориглоно. Шашны нийгэмлэгүүд халдварын эрсдлийг багасгах өөрийн дүрэм журамтай байдаг. Дотор танхимд бүгд маск хэрэглэнэ.
Харин оршуулах ёслолын үйл ажиллагааг 50-аас илүүгүй хүнтэй зохион байгуулна.
Ажлын байранд албан хаагчид хоорондын зайг 1 метрээс багагүй зай барих, зай барих боломжгүй, эсвэл плекси шилэн хаалтгүй бол маск зүүх ёстой. Ажил олгогч боломжтой гэж үзвэл гэрээс ажиллуулна.

4. Үйлчилгээ, зоогийн газар, зочид буудал түр хугацаанд хаалттай. Зоогийн газрууд зөвхөн хүргэлтийн болон бэлэн хоолыг ирж авах хэлбэрээр ажиллаж болно. Бар, шөний клубууд хаалттай.
Зочид буудлууд аялал, жуулчлалын зорилгоор ирэх зочдыг хүлээн авахгүй, харин ажил мэргэжлийн шаардлагаар томилолтоор явж буй зочдыг хүлээн авч болно.
Худалдааны газруудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бөгөөд үйлчлүүлэгч, ажилтан масктай нэвтэрч, 10мкв нэгж талбайд нэг үйлчлүүлэгч байхаар тооцож хязгаарлана.

5. Чөлөөт цаг өнгөрүүлэх төвүүдийг үйл ажиллагааг түр зогсооно. Кино театр, концерт, музей, фитнес төв, нийтийн бассейн зэрэг газрууд бүгд 11 дүгээр сарын 30-ныг дуустал хаалттай.
Олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно. Үүнд харилцан контакттай спортын төрөл буюу хөл бөмбөг зэрэг хамаарна. Харилцан контактгүй бие даан спортоор хичээллэгчийг зөвшөөрнө, спортын төвүүдэд сонирхогчийн спортыг хориглоно, харин задгай гадаа талбайд бол голф, теннис, хөнгөн атлетик зэрэг төрлийг зөвшөөрнө.
Мэргэжлийн спортын үйл ажиллагаа үзэгчгүйгээр зохион байгуулагдана.

6. Цэцэрлэг, бага ангийн сурагчдийн хичээл хэвийн үргэлжилж, 10-14 насны дунд ангийн сурагчид хичээлийн үеэр маск зүүнэ, ахлах ангийн хичээл болон их дээд сургуулиуд зайны сургалтанд шилжинэ.

7. Ахмадын асрамж, сувиллын газрууд ирэх эргэлтийн тоог хязгаарлана. Хоёр өдөрт нэг удаа эргэлт хүлээн авах дүрмийг 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл мөрдөнө. Эргэлтээр очих хүн шинжилгээний бичигтэй байх эсвэл шаардлага хангасан нарийн шүүлтүүртэй масктай нэвтэрч болно.

МОНГОЛ УЛСААС АВСТРИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.