Монголчууд төрийн шинэ тэргүүнээ сонгоход сар гаруйн хугацаа үлдлээ. Тав дахь Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгуульд парламентад суудалтай гурван нам нэр дэвшигчээ тодруулан Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээр “морьд эргэхэд” бэлэн болов. Гэхдээ энэ удаагийн сунгааны анир хэтэрхий хурц эхэлж байна. Сонгуулийн “виз” өвөртөлсөн намууд өөр хоорондоо ил цагаан шүргэлцэж, нэр дэвшигчид нь хэзээний твитэр, фэйсбүүк гээд цахим ертөнцөд “урт гартнуудаа” цуглуулж амжиж. Нөгөөдүүл нь ч захиалгаа гарамгай сайн гүйцэтгэж харагдана. Тиймдээ ч энэ зуны сонгуулийн хаялгаар Хоролмаагийн дүрд гаршсан хөлсний жиргээчид хэн хүнээс илүүтэй ажилтай, орлоготой байх нь.
Харин эрх баригч намууд сонгуулийн өмнөх хямралаа даван туулахаар хэрэндээ л хичээж байж ажиглагдах тэр дүр зураг. МАН-ын хувьд, сунгаандаа бэлдээд дотоод зөрчилдөөн болон гаднаас муухай харагдах бүхнээ тас нуугаастай. Тэдний давуу тал бол энэ. Сонгууль бүрийн өмнө дотоод зөрчлөө дарж, нэгдэж чаддаг. Аргагүй л улс төрийн ууган хүчин туршлагатай, буурь зааж буй нь энэ л дээ.Уг нь МАН шиг дотоод зөрчил үүсэх асуудал их байгаа улс төрийн хүчин сонгуулийн өмнө байхгүй. Учир гэвээс ууган хүчний дотор битүүхэндээ УИХ-ын даргын “зодоон” өрнөж байгаа гэж хэлж болно. Цаашлаад бүлгийнх нь хаалттай хуралдааны “хар бичлэг” гадагш задарч, эрх баригч хүчин дотооддоо асуудалтай байгаа нь ийн олны өмнө ил болсон ч хуучны хатуу диктатураа барин алаагүй баавгайн арьсан дээр зодолдохгүй байх ойлголцолд хүрсэн нь сонгуулийн үр дүн яаж ч гараа билээ гэж болгоомжилсных бололтой..
Ямартай ч тэд сонгууль бүрийн өмнө хэл амаа дарж, эвтэй байх зарчмыг баримталж чаддаг нь ууган хүчний аргагүй давуу тал. АН-ыг мад тавих гол мэх нь болдог гэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу.Харин АН-ынхан нэр дэвшигчээ хүртэл өөнтөглөн нэр дэвшиж чадаагүйдээ атаархах хүн цөөнгүй. Хэвлэлийн шар хуудаснаа нэгнийгээ гоочилж, Түгжилдэх нь сүүлийн үед эрс олшров. Хамгийн сүүлд гэхэд л, намын лидерүүдээс УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин намын гол дүр Женко Х.Баттулгыгаа дэмжихгүй гэдгээ зарлалаа. Учрыг тунгааваас Женко Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай байсан намын нөхдөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа хэрэгт холбож гүтгэсэн хэмээн үзэж буйгаа өмнө нь мэдэгдэж байсан бол энэ удаад түүнийг Ерөнхийлөгч болбол ямар сөрөг нөлөө, хор хохирол учруулахыг өөрийн байр сууринаас ийнхүү илэрхийлжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.