Н.Онон, Ж.Мөнхсайхан нар Гавьяат боллоо

2020-10-5 Мэдээ мэдээлэл


Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээлээ. Олны танил хүмүүсээс Х-ТҮЦ продакшны захирал, жүжигчин Н.Ононд Гавьяат жүжигчин цол хүртээлээ. Мөн “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайханд мөн Гавьяат жүжигчин цол олгов.

Энэ үеэр ШИНЭХЭН ГАВЬЯАТУУД-ын баярын сэтгэгдлийг хуваалцсан юм.

Тэрбээр “Шагнал авах тухайгаа баасан гаригт сонссон. 1989 оноос хойш 31 жил мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байна. Энэ урлаг руу анх хөтлөн оруулсан н.Доржсамбуу багш болон н.Сугар багш, хошин урлаг руу оруулсан МУГЖ Б.Батзаяа ахдаа баярлалаа. Тэнгэрээс харж байгаа аавдаа мөргөе. Нутгийн зон олондоо мөн баярлалаа. Миний амьдралын салшгүй болсон Х-ТҮЦ продакшны хамт олондоо баярлалаа” гэлээ.

Дашрамд дуулгахад, “Х-Түц” продакшний захирал, Гавьяат жүжигчин Н.Онон 1987 онд 23 дугаар сургууль төгссөн. Анх Театрт байхдаа жүжигчин И.Одончимэг, Аглуу буюу Л.Баттулга нартай хамтран тоглолт хийж, “Х-Түц” нэртэй тоглолтыг анх хийсэн нь одоогийн “Х-Түц” продакшныг байгуулах эхлэл байсан гэдэг.

“МАСК” ПРОДАКШНЫ ЖҮЖИГЧИН ШИНЭХЭН ГАВЬЯАТ Ж.МӨНХСАЙХАН “Өнөөдөр энэ сайхан өдөр төр, түмнийхээ хүндэтгэлийг хүлээлээ. Уран бүтээлч хүнд үүнээс өөр жаргал гэж үгүй. Шагнал авах тухайгаа Баасан гаригийн орой мэдсэн. Үзэгч түмэндээ баярлалаа” гэв.

Маск продакшны үүсгэн байгуулагчдын нэг Ж.Мөнхсайхан нь 1996 онд СУИС-ийг төгсөн, УДЭТ-д элсэн орж зургаан жил ажилллаж улмаар “Өнгөт инээд” Продакшнд элсэн орсон. Сонирхолтой нь эмээгийн дүрийг гаргууд бүтээдэг Ж.Мөнхсайхан СУИС-д элсэн орох гэж гурав дахь жилдээ оролдон байж 1996 онд тэнцэж элсэн орсон гэдэг.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.